Өнөөдрийн байдлаар Муаммар Гаддафи дэлхийн хамгийн алдартай хүн болоод байна. “Ойрхи Дорнодын галзуу нохой” хэмээн улс төрийн ертөнцөд нэрлэгддэг энэ эртэй BBC телевизийн редактор Жереми Боувений сар гаруйн өмнө хийсэн ярилцлагыг сонирхуулж байна. Тэр үед Ливийн хямрал дөнгөж эхлээд байлаа. Харин одоо хэзээ, хэрхэн дуусах нь үл мэдэгдэх дайн болон хувирсан билээ.
-Та бол удирдагч. Олон жилийн турш улс орноо удирдлаа. Гэхдээ танай улсын ард иргэд удирдагчаа, тодруулбал таныг өөрчлөхийг тун ихээр хүсэх болжээ.
-Харин ч эсрэгээр. Тэдний хүсэж байгаа өөрчлөлт, шинэчлэлийг хийхээр би энд байгаа.
–НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан хоригийг та юу гэж үзэж байна?
-Энэ бол хууль бус, хий хоосон зүйл. Яагаад гэвэл Аюулгүйн зөвлөл өөрөө хүчин төгөлдөр бус. Тийм болохоор хоригийг хууль ёсны гэж үзэх хэцүү. Би танаас асууя. Тэгвэл Алжирийн эсрэг яагаад ийм хориг арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Алжирийн арми гудамжиндаа байлдахыг бид бүгдээрээ харж байгаа шүү дээ. Өдөр болгон байлдааны мэдээ тэндээс ирж байгаа. Оросууд Чеченьтэй байлдахад бас яагаад ийм хориг тавиагүй юм? Эсвэл Америкчуудыг Афганистанд дайн хийхэд? Газын зурваст дайн хийгээд байгаа Израйлийн эсрэг яагаад хориг тавиагүй юм?
–Энэ асуултад та өөрөө юу гэж хариулах вэ?
-Яагаад гэвэл Ливийг дарж авах сонирхол байна. Колончлох сонирхол. Үүнээс үүдээд Ливийн ард түмэн өрнөдийн шинэ боолчлолын эсрэг тэмцэхийг хүсэх болсон.
–Сүүлийн жилүүдэд та өрнөдийн улсуудтай харилцаагаа сайжруулсан. Тони Блэйрээс өгсүүлээд нөлөө бүхий удирдагчид Ливид айлчилсан. Гэтэл одоо тэд таныг энэ орныг орхиж явах ёстой хэмээн ярьцгааж байна. Танаас нүүр буруулан, онцгүй зан гаргаж байгаа юм шиг санагдаж байна уу? Та тэднийг нөхдөө гэж үзэж байсан уу?
-Мэдээж энэ бол увайгүй, өөдгүй явдал. Надаас нүүр буруулж байгаа хэрэг. Бас ёс суртахуунгүй асуудал. Намайг унагахыг хүсэж байна гэх юм. Хаанаас, юунаас унагах гээд байгаа юм? Би хаан биш, би эзэн биш. Юунаас унах ёстойгоо ойлгохгүй байна.
-Гэхдээ та НҮБ-ын индэр дээрээс үг хэлдэг. Та Ливийг төлөөлдөг. Хэдийгээр албан ёсны цол гуншин, зэрэг дэв байхгүй ч гэсэн.
-Энэ бол хүндлэл. Түүнээс биш эрх мэдлийн тоглоом биш. Британид тэгвэл хэн эрх мэдэлтэй юм бэ? Хатан хаан Элизабет уу? Эсвэл Дэвид Камерун уу? Та нар Ливийн тогтолцоог ойлгохгүй л дээ.
–Бид улсаа толгойлох хатан хаантай. Бас сонгуулиар сонгогддог Ерөнхий сайдтай. Та ер нь Ерөнхий сайдын сонгууль Ливид явуулъя гэж бодож байв уу?
-Ливи улс ямар тогтолцоогоор явж байгааг та бүхэн үнэндээ ойлгохгүй ээ.
–Би танайд ямар тогтолцоо байдгийг сайн мэднэ. Гэвч олон улсад бол та энэ улсын удирдагч шүү дээ.
-Үгүй дээ, та манай тогтолцоог хэзээ ойлгохгүй. “Мэднэ, ойлгож байна” гэж бүү ярь. Та ойлгохгүй байгаа. Бүх дэлхий даяараа ойлгохгүй байгаа. Ард түмний эрх мэдэл шүү дээ. Харин та нар үүнийг ойлгохгүй.
-Тэгвэл ард түмэн тэр эрх мэдлээ яаж мэдрэх юм? Яаж харах юм? Яагаад гэвэл зарим хүмүүс өнөөдөр гудамжинд гараад таны цэргүүд тэдэн рүү буудсаныг эсэргүүцэн жагсаж байна.
-Энд ямар ч жагсаал, цуглаан болоогүй. Та жагсаал болж байгааг харсан юм уу?
–Харсаан.
-Хаана?
-Өнөөдөр харсан.
-Хаана?
-Завияад. Өчигдөр ч бас харсан.
-Аан, тэд биднийг дэмжиж байна уу?
–Үгүй ээ, эсэргүүцэж байна билээ. Зарим нь дэмжиж, зарим нь эсэргүүцэж байсан.
-Тэд бидний эсрэг жагсаагүй. Биднийг хэн ч эсэргүүцдэггүй. Ер нь яасан гэж эсэргүүцэх юм? Юуны төлөө? Намайг Ерөнхийлөгч биш гэж үү? Ард түмэн надад хайртай. Надтай үргэлж хамт байдаг. Бүгд намайг хайрладаг. Миний төлөө үхэж ч чадна.
–Хэрэв танд хайртай юм бол яах гэж Бенхазийг булаан авч, таны эсрэг босож байна гэж мэдэгдэх билээ?
-Энэ чинь Аль-Кайдагийн хийж байгаа ажил. Миний хүмүүс биш. Ливид гаднаас ирсэн хүмүүс.
–Тэд тэгээд гудамжны зурагт хуудсуудыг урж тасдан буулгаж, хааны туг мандуулна гэж үү?
-Аль-Кайдагийнхан тэгж байгаа юм. Цэргийн баазуудад очиж, зэвсэг олж аваад, хүмүүсийг айлган сүрдүүлж байгаа юм. Зэвсэг барьсан хүмүүс нялхаараа шахуу амьтад байгаа биз дээ? Одоо тэд зэвсгээ хаяж эхэлж байгаа. Аль-Кайдагийнхны тэдэнд өгсөн хар тамхины үйлчилгээ гарч эхэлсэн болохоор.
–Гудамжинд эсэргүүцлийн жагсаал хийгээд байгаа хүмүүс тэд гэж үү дээ?
-Тийм ээ. Аль-Кайда тэднийг дарамталж, хүчээр гудамжинд аваачиж байгаа юм. Түүнээс биш тэдэнд гомдоллох, эсэргүүцэх зүйл байхгүй. Шаардах зүйл ч байхгүй. Ийм жагсаал цуглааныг хүсээ ч үгүй. Гартаа зэвсэг барьсан хүмүүс чинь Аль-Кайдаг хэн бэ гэдгийг ч ухаарахгүй хүүхдээрээ гэнэн залуус. Харин одоо тэд ойлгоод зэвсгээ зараад гэртээ харьж байгаа. Хар тамхины мансуурлаасаа гарч байгаа.
-Та тэгээд энэ хямралыг яаж дуусгах вэ? Ливийн ихэнх хэсэг босогчдын гарт ороод байна. Олон улсын зүгээс таны эсрэг ирэх дарамт шахалт тодорхой болсон. Одоо яах вэ?
-Гадны дарамт шахалтаас харин ч айхгүй байна шүү.
–Та эх орноо хяналтаас алдаж байгаагаа юу гэж үзэж байна?
-Бид өөрсдийн ард түмнийхээ төлөө санаа зовж байна. Тэд надтай хамт байна. Гэхдээ бид итгэлтэй байна аа. Босогчид ялагдаж, бид үлдэнэ.