
Сүүлийн үед олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өсч байгаа. Энэ оны эцэс хүртэл ийм байдал үргэлжилнэ хэмээн шинжээчид таамаглаж байна. Нөгөө талаас, зах зээл дэх үнийн өсөлт нь Ойрхи Дорнодын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болсонтой холбоотой. Тиймээс нефтийн үнэ хэзээнээс тогтворжиж эхлэхийг таамаглах боломжгүй байгаа юм. Газрын тосны үнэ өсөхийн хэрээр бараа, бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, инфляци гаарна. Чухам үүнээс болгоомжлохын тулд зарим орон мөнгөний бодлогоо хатууруулж, үнийн хөөрөгдөлтэй тэмцэж байна.
Харин экспортод түшиглэн эдийн засгаа хөгжүүлсээр ирсэн Японы хувьд саяхан болсон гамшгаас болж иений нийлүүлэлтээ огцом нэмсэн. Үүнээс улбаалаад зах зээл рүү их хэмжээний бэлэн мөнгө гаргах шаардлагатай болжээ. Эс тэгвэл иений ханш өсч, эдийн засгаа сэргээхэд хүндрэлтэй болно хэмээн шинжээчид таамаглаж байна. Харин АНУ-ын хувьд экспортлогчдынхоо өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд ам.долларын ханшийг сулруулахыг хичээж байгаа. Үүнээс үүдээд төв банк нь их хэмжээний ам.доллар хэвлэж эхэлсэн юм. Ажиглагчдын тооцож байгаагаар Японы төв банк, Холбооны нөөцийн сан хоёр сар бүр 100 тэрбум ам.доллартай тэнцэхүйц бэлэн мөнгө хэвлэн гаргаж байна. Тиймээс одоо дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ тэргүүлдэг хоёр их гүрний эдийн засагт нөлөөлж, инфляцийг нэмэгдүүлж байгаа юм.
Японы хувьд цунами болохоос өмнө улс орон нь хэдийнэ дифляцид идэгдэж, дотоод зэх зээл дэх эрэлт нь буурчихаад байсан. Тиймээс Японы эрх баригчид хүчээр ч хамаагүй бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж, хэрэглэгчдийнхээ зах зээлийн идэвхийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа юм. Харин АНУ-ын хувьд нөхцөл байдал арай өөр. Хэдийгээр одоогоор инфляци харьцангуй тогтвортой байгаа боловч зах зээл дэх ам.долларын нийлүүлэлтээ хурдацтай нэмж байгаа энэ үед үнийн хөөрөгдөл гарах нь цаг хугацааны асуудал болчихоод байна. Холбооны нөөцийн сангийн удирдлагууд үнийн өсөлтийг барьж, түүнтэйгээ уялдуулан ам.долларын ханшийг сулруулахгүй байхын тулд ямар бодлого баримтлах вэ гэдэг дээр толгойгоо гашилгасаар байна.
Ийнхүү зарим орны төв банк бэлэн мөнгө хэвлэх ажилд “гаршиж” байгаа бол нөгөө хэсэг нь хэвлэн гаргасан бэлэн мөнгөө яаж багасгах вэ гэдэгт санаа зовниж сууна. Үүнд юун түрүүнд Хятад багтах юм. Хятадын төв банк уржигдар зээлийн хүүгээ нэмж, 6.06 хувь байсныг 6.31 хувь болгосон байна. Мөн нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүүг 3-3.25 хувь болгон өсгөжээ. Хятадын эрх баригчид мөнгөний бодлогоо хатууруулж, эдийн засгийн өсөлтөө сааруулахыг хичээж байгаа. Эс тэгвэл Хятадад бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци хоёр оронтой тоо руу ойртсоор байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ хамгийн хурдацтай өсч байгаа. Түүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл газар авчээ. Тиймээс Хятадын Засгийн газар зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтээ хумьж, зээлийн хэмжээг бууруулан цаашлаад хоёр дахь удаагаа орон сууц худалдан авч буй иргэддээ ямар нэг хөнгөлөлт үзүүлэхээ больсон юм. Тус улс энэ бодлогоо цаашид ч баримтална гэж шинжээчид таамаглаж байгаа.
Энэ бүхэн нь Хятадын зах зээлээс хараат шахуу болсон дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Үүнээс болж өчигдөр АНУ-ын “Dow Jones”, Их Британий “FTSE” индексүүд нэлээд хувиар буурчээ. Хятадын төв банкны хувьд энэ он гарснаас хойш арилжааны банкуудынхаа нийт капитал болон нөөцийн хөрөнгийн харьцааг нэмсээр одоо хэдийнэ 20 хувьд хүргээд байгаа юм. Ерөнхийдөө бол Хятад зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтээ багасгах болж. Хятадтай адил өсөн нэмэгдэж буй зэх зээл бүхий Энэтхэг, Бразиль зэрэг орнуудын төв банк ч мөн ийм бодлого баримталж байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин