
НҮБ-ын салбарын байранд халдсан хэрэг ба өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Афганистаны хотуудад болсон эсэргүүцлийн жагсаал намжих талдаа орлоо. Гэхдээ Туркментэй хил залгаа Фарьяб мужид НАТО-гийн цэргийн удирдлагаар сургалтад хамрагдаж байсан афган хилчин хоёр багшийгаа буудсан хэрэг гарав. Харьцангуй тайван гэж тооцогдож байсан бүсэд энэ хэрэг гарсан байна. Үймээн болоод түүнийг дагалдсан НҮБ-ын ажилтнуудыг хөнөөсөн хэрэг нь АНУ-ын Засгийн газрын өмнө Афганистан дахь дайнаа өөртөө таатайгаар төгсгөх боломж хэр байна вэ гэсэн асуудлыг гарган тавилаа.
Washington Post мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн багийн доторхи цэргийнхэн ба зөвлөхүүдийн хооронд маргаантай байгаа ажээ. Афганистанаас АНУ-ын цэргийг гаргах хугацааны талаар тэнд ширүүн маргаан өрнөж буй ажээ.
Сонинд сануулснаар бол Обама 2009 онд Афганы дайнд нэмэлт 30 мянган цэргийг илгээсэн юм. Тэрхүү нэмэлт хүчний тусламжтайгаар Кандагар зэрэг чухал мужуудад талибийн хүчийг сулруулж чадсан юм. Энэ нааштай хандлагыг Америкийн цэргийнхэн ба санхүүгийн тусламжгүйгээр барьж чадна гэдэгт цэргийнхэн эргэлзэж байна.
Хоёр жилийн өмнө тушаал өгч байхдаа Обама фронтод илгээгдсэн цэрэг 2011 оны долдугаар сараас гэртээ эргэн ирнэ гэсэн тодорхой ойлголтыг өгсөн билээ. Одоо ч тэр өөрийн заавраа биелүүлэхийг шаардаж байна. Зүгээр нэг бэлэгдэлийн чанартайгаар цэрэг гаргахыг тэр зөвшөөрөхгүй байгаа юм. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден саяхан мэдэгдэхдээ цэрэг гаргах ажиллагаа нь нэмэлт хүч татсан шигээ маш шуурхай хийгдэх ёстой гэсэн байлаа. Ерөнхийлөгч ба түүний зөвлөхүүд сонгууль хаяанд ирснийг мартаагүй байгаа. Олон нийтийн санал асуулгууд Афганы дайн олны дэмжлэг авахгүйг харуулж өгөв. Washington Post сонин, ABC News компани гуравдугаар сарын дундуур явуулсан санал асуулгуудад америкчуудын гуравны хоёр нь Афганы дайныг явуулах хэрэггүй гэж үзжээ.
Ерөнхийлөгчийн иргэний зөвлөхүүдийн шахалтаар Афганистан дахь холбооны хүчний командлагч Дэвид Петреус Обамад үйл ажиллагааны гурван хувилбарыг танилцуулах бололтой. Нэгд, цэргээ бараг татахгүй. Хоёрт, штабынхан ба саперууд, арын албаны хэдэн мянган хүнээр хүчээ хорогдуулах. Гуравт, нэг бригад буюу ойролцоогоор таван мянган цэргийг гэрт нь буцаан илгээх зэрэг хувилбарууд байх болов уу.
Петреус өөрийн илтгэлээ Ерөнхийлөгчид хэлээгүй байна. Нэрээ нууцалсан цэргийн ахлах тушаалтнуудын хэлснээр генерал Дээд ерөнхий командлагчдаа завсрын хувилбарыг санал болгож магадгүй гэнэ. Тэр нь хоёрдугаар зэргийн туслах ажилтнууд болон зарим нэг байлдааны ангиудыг Афганистанаас эргүүлэн татах тухай байх гэнэ.
Дайн татвар төлөгчдөд хэрхэн тусч байгаа нь Цагаан ордны эзний шийдвэрт нөлөөлнө. Энэ жил дайны зардал 120 тэрбум ам.доллар хүрнэ гэж хүлээгдэж байна. Мөн Афганы арми ба цагдаагийн хүчнийг төлөвлөснөөрөө нэмэгдүүлэхэд болон өнөөгийн 378 мянган хүн нь АНУ-ын сан хөмрөгөөс найман тэрбум ам.долларын зардлыг авах юм.