“Домогт Ану хатан” тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

“Домогт Ану хатан” тайзнаа амилна

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтээж буй “Домогт Ану хатан” жүжгийн нээлт энэ  сарын 8-нд Улсын драмын эрдмийн театрт болно. Улсын драмын эрдмийн театрт “Домогт Ану хатан” жүжгийн уран бүтээлчид өчигдөр хэвлэлийн хурал хийн шинэ бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.  Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 80 жилийн ойд зориулж бүтээж буй тус түүхэн жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн, Драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар найруулан тавьж байгаа юм. Тайзнаа амилж буй домогт Ану хатны дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин  Ц.Баясгалан, Галдан бошигтын дүрд Ц.Цэрэнболд, Данжилагийн дүрд жүжигчин Б.Эрдэнэбилэг, Очирт цэцний дүрд ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Галдмаа баатарт соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Мандарваад соёлын тэргүүний ажилтан Ж.Оюундарь, Балсанд  соёлын тэргүүний ажилтан  Г.Эрхэмбаяр, Равдан зайсанд гавьяат жүжигчин С.Дамдин, Цэвээнравданд соёлын тэргүүний ажилтан  Г.Амгаланбаатар, Содномравданд Г.Алтаншагай, Маханд соёлын тэргүүний ажилтан  Д.Баттөмөр, Майяад М.Тогтохжаргал, Ахайд жүжигчин Д.Ганцэцэг  нар тогложээ. Жүжгийн хөгжим, дууны аяыг соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр бичжээ.

Драмын эрдмийн тайзнаа “Мандухай сэцэн хатан” драмын түүхэн жүжгээс хойш тавьж буй хоёр дахь томоохон хэмжээний түүхэн жүжиг буюу домогт хатны тухай өгүүлж буй эл жүжиг 70 гаруй сая төгрөгийн өртгөөр босжээ.

 “Нууц товчоо”-нд
Орондоо орох завгүй
Олзлолдон булаалдаж байв
Хөнжилдөө хэвтэх завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байв хэмээн бичсэн байдаг.

Энэ тухай ч мөн “Домогт Ану хатан” жүжигт дурсан монголчуудын өөр хоорондоо хэмлэлдэн байлдаж байсан тэр гашуун үед ухаант хатад ямар үүрэг гүйцэтгэж байсан тухай өгүүлжээ. Монголын түүхийн тэмцэл, тулаантай үе үеийн хатад ухааны ур тэгширсэн, төрт ёсны нэгэн тулгуур болсон эрхэм хүмүүс байсан тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжигт Манжид Халх монголын ноёд урваж Ойрд Монгол хүчирхэгжин өөр хоорондоо хагаралдан тэмцэлдэж байсныг өгүүлэн энэ хүнд хэцүү цаг үед Ану хатан Тэрэлжийн Зуун модонд 1696 онд болсон тулалдаанд Манжийн бүслэлтийг бут цохиж, эр нөхөр Галданбошигт, монгол  дайчдадаа аюулаас гарах гарцыг зааж, өөрөө амь эрсэдсэн тухай өгүүлэх аж.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү!

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж