Үндсэн байрлал болох хагас хамгаалагчаас илүүтэй довтолгооны шугамд идэвхтэй оролцсон Андрес Иньеста тоглолтын хоёр дахь минутад гоолын салхийг хагалсан. Улмаар 34 дэх минутад тэрбээр Дани Алвест гоолыг нь “бэлтгэж” өгчээ. Талбайн голоос хамгаалагчдыг давуулан дамжуулалт өгөхөд Алвес хаалгачийн эсрэг ганцаараа гарч, Андрей Пятовын хаалганд төвөггүй гоолдсон байна. Хоёрдугаар хагас эхлээд 53 дахь минутад Алвес өөрөө “бэлтгэгч” болж, булангаас цохисон Алвесийн цохилтыг төвийн хамгаалагч Жерар Пикед гоол болгожээ. Пике ийнхүү “Барса”-гийн бүрэлдэхүүнд хоёр дахь гоолоо оруулсан байна. Тоглолтын 60 дахь минутад “Шахтёр” гоолын зөрүүг ойртуулж, Дарио Срнагийн чөлөөт цохилтоос хамгаалагч Ярослав Ракицький гоолдсон юм. Гэтэл Пеп Гуардиолагийн баг ердөө ганцхан минутын дотор хариуг нь барьсан. Сейду Кейта солгой хөлөөрөө цохиж, хаалганы дээд буланд бөмбөгийг оруулснаар тооны харьцааг 4:1 болгожээ. Харин тоглолтын сүүлийн гоол 86 дахь минутад орсон байна. Энэ удаад гоолын ззэн нь гэмтлээс эргэн ирсэн Шави байлаа.
Ийнхүү “Барса” талбайдаа итгэл төгс ялалт байгуулснаар хагас шигшээд өрсөлдөх эрхээ өвөртөлсөн гэж болох юм. Тэд их шөвөгт мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-тай таарах магадлал өндөр. Учир нь Испанийн эзэн хааны баг 4:0-ээр “Тоттенхэм”-ийг талбайдаа буулган авсан билээ.