Тавдугаар сарын нацү башё болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын нацү башё болохгүй

Японы сумогийн холбооны удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тавдугаар сарын нацү башёг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэсэн байна. Гэхдээ “долдугаар сард болох нагоя башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг гаргах” гэсэн гол зорилгоор зуны башёгийн оронд сорилго тэмцээн зохион байгуулах гэнэ. “Гирё-шинса башё” нэртэй тус барилдаан Токио хотын Кокугикан ордонд тавдугаар сарын 8-нд эхэлж, ердийн башётай адил 15 хоног үргэлжлэх аж. Гол нь нагоя башёгийн банзүкэг гаргахын тулд зохион байгуулж буй учир үзэгч, сонирхогчдод нээлттэй, үнэ төлбөргүй ордон руу нэвтэрч болно. Гэхдээ дэвжээтэй хамгийн ойр байрлах 300 суудалд хүндтэй үзэгчид болон ивээн тэтгэгчид суух гэнэ. Түүнчлэн түрүү бөхөд ямар нэг шагнал урамшуулал, Эзэн хааны цомыг хүртээхгүй ажээ. “Гирё-шинса башё”-д зодоглох бөхчүүд хоёрдугаар сарын сүүлээр гаргасан банзүкэгийн эрэмбээр барилдах гэнэ.

Ийнхүү нацү башёг зохион байгуулахгүй шийдвэр гаргасан нь өнөөх “даваа наймаалцсан” гэх хэрэгтэй холбоотой. Макүүчи зиндааны зургаан сумочийг “эгнээндээ нэгтгэсэн” энэхүү дуулианы улмаас 21 сумоч, нэг ояката өөрсдийн хүсэлтээр зодог тайлах өргөдлөө өгсөн байна. Тэдгээрийн дунд Монголын таван сумоч бий.

Дашрамд дуулгахад, нацү башёг орлож буй сорилго барилдааныг NHK телевиз шууд дамжуулах эсэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд Японы сумогийн холбооны тайлбар, шийдвэрээр шууд эсвэл тоймлон хүргэх талаар шийдэх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж