Хөрсний ус, бохирын шугам хоёр л буруутай

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Хөрсний ус, бохирын шугам хоёр л буруутай

Нийслэлийн өнгө үзэмж, тохи­жолтыг сайжруулах талаар хотын дарга удаа дараа үүрэг өгч, тэр хэмжээгээр дээр дооргүй анхаарч ажиллаж байна гэж ам уралдан тайлагнадаг. Гэтэл захын зарим нэг дүүрэгт ам, ажил алд дэлэм зөрүүтэй байдал хэдэн жил дамнан үргэлжилсээр. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэд хог шороо, бохир ханхалсан орчинд амьдарч бай­на гэх мэдээллийн дагуу тус хороог зорилоо. 16 дугаар хороол­лын автобусны буудлаас дээш хуучны таван давхар орон сууцнууд руу чиглэх гудамж тэр чигээрээ бохирын мөсөн овоо. Зарим үед бетонон хашаатай чацуу хэмжээний хар мөсөн овоо үргэлжилэх нь сүрдмээр. Оршин суугчид ч энэхүү байдалтайгаа эвлэр­сэн маягтай шавар шавхай тунарч урссан гудамжны нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэлх зайг арайхийн туулна. Шавхай бол­сон гутлаа ч тэд үл тооно, харин ч халтирч унан “зургаа татуулаагүй”-дээ олзуурхаж байх шиг. Тэр хавийн бяцхан жаалууд өдөртөө зугаацдаг газрын нэг нь энэхүү шавар шавхай, бас бохирын мөсөн уул. Хүүхдүүд  зугаагаа гаргачихаад гэртээ хоолоо идэхээс өмнө гараа угааж байгаа болов уу. Бохир, хог шороо, хөрсний ус гээд түмэн шидийн буртаг нийлсэн шавар шавхайг туучиж тоглосон тэдний хувьд нэг л өдөр халдварт өвчин дагуулах вий гэхээс айдас төрж байлаа. Хавар халдварт өвчний идэвхжлийн ид үе. Уг гудамжинд байрлах хүнсний дэлгүү­рийн худалдагч бололтой нэгэн эмэгтэй үүд орчмоороо модны үртэс асгаж харагдав. Түүнээс хэдийнээс иймэрхүү байдалтай байгаа талаар сонирхвол “Манай энэ хавьд хөрсний ус нэвчдэг учраас байнгын шавар шалбааг дунд байдаг. Өнгөрсөн өвөл хойд талын байрны бохирын шугам хагарч асгарснаас болоод хүн явахын эцэсгүй болчихсон. Зарим үед хорооноос ирж, цэвэрлэгээ хийж харагддаг. Одоо харьцангуй дулаарч, доошоо суугаад байгаа нь энэ” гэсэн хариултыг өглөө. Ч.Нэргүй гэх тус хорооны иргэн худалдагч бид хоёрын яриан дундуур орж ирэн “Манай хороо хэцүүхэн хороо шүү дээ. Гэр орондоо өвлийн хувцсаа тайлалгүй өвөлжлөө. Халаалт өгсөн гэх ч амь төдий. Байраа зарья гэхээр үнэ хүрэхгүй. Ойр орчмоор бохирын ус халиад энэ хавьд өвөлжин хүүхэд, хөгшид халтирч унах гээд төвөгтэй байдал үүссэн. Зундаа энэ байрны бохир подвал дүүрээд ойр явахын аргагүй үнэртдэг. Мөн энэ сарын 5-ны 13:00 цагийн үед гэрэл тасраад, орой 21:00 цагийн орчимд гэрэлтэй болсон. Хавар болохоор ойр ойрхон цахилгаан тасрах нь ихэсдэг. Цахилгааны утсанд ус орж, гэмтэл үүсгэдэг юм шиг байна лээ. Холбогдох байгууллагууд энэ байдалд анхаарлаа хандуулаасай” гэж ам мэдэн урсгаж гарлаа.

Нааш, цааш сүлжилдэх хүмүүс таагүй харцтай зөрсөөр байна. Өөдөөс шалбаагны нимгэн газрыг олж гишгэх санаатай түгдчин яваа Г. Балданпүрэв өвөөд учир байдлаа хэлэхэд шавхай туучсан гутлаа нэг харснаа хэд гурван үг сольсон юм.

-Танай энэ хавиар хүн явах аргагүй шавхай болчихжээ?

-Хүүгийндээ энэ өвөл өвөлжлөө. Өдөртөө тамхиа авахаар энэ гудамжаар явахад үнэхээр хүнд шүү. Халтирч унах гээд. Харин дулаан ороод ирэхээр шавхай нь дийлдэхгүй юм.

-Хаанаас алдсан ус юм бол?

-Энэ хавьд хөрсний ус нэвчдэг юм гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ миний бодлоор орон сууцны бохир л хальсан гэх юм билээ. Энэ орон сууцнууд чинь бараг л хүнээр бол насны доройтолд орсон гэж хэлж болохоор их хэцүүхэн шүү дээ. Урьд нь халаалт ерөөс байхгүй байсан юм гэнэлээ. Энэ өвөл халаалттай өвөлжсөн. Халуун ус байхгүй, хүйтэн ус ирдэг.

-Харьяа СӨХ, хороондоо энэ байдлынхаа талаар оршин суугчид шаардлага тавьдаггүй юмуу?

-Хэлсэн ч хүлээж авах хүн тун ховор.  Цахилгаан байнга тасарна. Ялангуяа салхи, шуургатай үед гэмтэл гардаг юмуу, цаанаас нь салгадаг юмуу бүү мэд. Бараг л хөдөөний амьдрал энэ байрны оршин суугчдаас илүү амьдарч байгаа даа.

Ингэж хэлээд өвөө цааш алхлаа. Тэрээр удаа дараа хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан уламжилсан ч анхаарч сонсдог дүүрэг, хорооны удирдлагууд алга болохоор дандаа улиг болгоод яахав гэсээр нуруугаа үүрэн цааш одов. Орос ах нарын үед баригдсан хуучны орон сууцны оршин суугчдыг ад үзэх хүн ч олон. Учир нь элэгдэж муудснаас болж эдгээр байрны бохирын шугам байнга задарч, тэр бүү хэл зундаа подвалууд нь бохироор дүүрч ойр орчныхон бохироор амьсгалахад хүргэдэг гэнэ.  Нутгийн иргэд “Газарчны хөлдүү таван байр” гэх юм билээ. Нэгдүгээр байрны урд талд шугам сүлжээг засварлаж байгаа бололтой хэдэн хүмүүс дээр очиход “ажлаа л хийж байна” гээд өөр юу ч ярихыг хүссэнгүй. Тэдний хийж буй ажлыг түр зуур ажиглаж зогсоход хагарсан шугамын хоолойг авч, шинээр тавьж байгаа бололтой. Сольж буй хоолой нь бас л гагнуур орсон шинэ биш харагдах юм. Гагнуур, цав гарсан хоолой дахиад л өвлийн хүйтний нэг ес хүргэхгүй хагарчихвал яана. Энэ мэт үр дүнгүй ажлууд хаа сайгүй.

Хорооны даргатай уулзаж, бохирын шугамуудыг бүрэн сольсон эсэх, бохирын мөсийг зайлуулах ажлыг хэзээ хийж дуусгах зэрэг асуултанд хариулт авахаар очтол тус хорооны дарга хаалгаа цоожлоод эзгүй. Сонин гарчигласан, компьютер ширтсэн хоёр ажилтанд ямар ч тайлбар алга. 19 дүгээр хорооны Засаг дарга О.Мөнх-Эрдэнэтэй утсаар холбогдоход “Гол нь хөрсний ус нэвчдэг болхоор их хэцүү. Наад бохирын мөсийг чинь өдөр бүхэн л цэвэрлэдэг. Өнгөрсөн өвөл бохирын шугам хагарснаас болж ийм байдал үүссэн. Харьцангуй гайгүй болчихоод байгаа нь энэ. Ирэх амралтын өдрүүдэд цэвэрлэгээ хийж дуусгана. Орон сууцнуудын тухайд дүүргийн төсвөөс долоон сая төгрөгөөр шугамын засварын ажил хийгдсэн. Одоо халаалт дулаан хэвийн байгаа. Сэтгүүлчид хүний хийж буй ажлыг үгүйсгэх шалтгаан хайх юм” гээд утсаа тасаллаа. Иргэдээс бохирын шугам нь задарснаас болж дээрх байдал үүссэн гэх мэдээллийг олж аваагүй бол хорооны Засаг дарга хөрсний усанд бурууг тохоод өнгөрөөх байлаа. Хорооны Засаг даргын ажлын үр дүн харьяа нутаг дэвсгэртэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж буйгаар үнэлэх учиртай. Эл хорооны хэд хэдэн иргэдтэй уулзахад зарим нь хорооны Засаг дарга нь ямар хүн байдгийг ч мэдэхгүй гэнэ.

Хөлдүү хүйтний цагаар халтирч унахыг эс тооцвол зовлон бага байсан биз. Харин урин дулаан цаг ирж буй энэ үед ачиж, цэвэрлэх ажлыг хурдан хугацаанд хийхгүй бол хэдэн өдрийн наранд нуур далай үүсгэж, өмхий үнэр дийлдэхгүй болох вий гэхээс оршин суугчид зүрхшээж буйгаа нуухгүй байна. Тэр хавьд золбин ноход ч элбэг. Орон сууцныхны өвлийн туршид хуримтлуулсан өтгөн, шингэн, хир буртаг, дээрээс нь ойр хавийн оршин суугчдын асгасан хог цугларсан энэ байдал хотын хамгийн бохир гудамж гэж нэрлэж болмоор. Өвөлдөө мөсөн тулгуурын талбай болчихоод байсан бол удахгүй өмхий ханхлуулсан нуур бий болох нь байна шүү.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж