Нийслэлд энэ сарын 15 хүртэл “газар хөдөлнө”

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Нийслэлд энэ сарын 15 хүртэл “газар хөдөлнө”

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Ази, Номхон Далайн командлалын Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн “Экселленс” төвтэй хамтран газар хөдлөлтийн аюулаас хамгаалах сургалт, дадлагыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Говийн чоно-3” газар хөдлөлтийн бэлэн байдлын дасгал сургууль өчигдөр Гадаад хэргийн яаманд эхэллээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс энэ жилийн дасгал сургуулилтийн онцлогийн талаар тодрууллаа.

-“Говийн чоно” бэлтгэл сур­гуу­лилтын урьд жилүүдээс ял­гаг­дах онцлог?

-Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн “Эксел­ленс” төвтэй хамтран сүүлийн гурван  жил “Говийн чоно” сургалт, мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулж ирлээ. Энэ удаагийн “Говийн чо­но” сургалт, мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг болзошгүй газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөлт, түүний хор уршгийг арилгах чиглэлээр зохион байгуулж байгаа юм. Энэ сургалтын хүрээнд газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэгсдийг хүлээж авч, эмчлэх, яаралтай тусламжийн үзүүлэх сургууль, нийслэлийн хэмжээнд бай­гаа ерөнхий боловсролын 125 сургууль дээр нэрвэгдсэн сур­гуулийн байрнаас нүүн шилжих дадлага сургуулийг тус тус хийх юм.

-Хэчнээн үе шаттай зохион байгуулах вэ?

-Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах, удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор энэ сарын сарын 5-6-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулна. Харин 7-8-ны өдрүүдэд “Экселленс” төвийн сургалтын хөтөлбөрөөр “Говийн чоно” сургалт үргэлжлэн явагдана. 11-15-нд гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааны тактикийн төвшний оролцогч, бүлгийн дарга, аврагч, гамшгаас хамгаалах улсын албадын анхны тусламж үзүүлэх томилгоот бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгуулна.

-Яагаад заавал газар хөдлөл­тийн гамшигаас сэргийлэх бэлт­гэл сургуулилт хийж байгаа билээ?

-Сүүлийн жилүүдэд манай улсын төр, засаг газар хөдлөлтийн гамшгийн асуудлыг анхааралдаа авч, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чадавхийг дээшлүүлэх чиглэлээр зохих  арга хэмжээг авч ажиллаж байна. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг, үйлдвэр, үйлчилгээний газар төвлөрсөн тул болзошгүй газар хөдлөлтийн аюул тохиолдвол олон хүний амь нас эрсдэх, орон сууцны болон үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж нурах, цахилгаан, дулаан хангамж доголдох зэрэг нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэл өндөр байгаа юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж