I эмнэлэг илүү цагаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

I эмнэлэг илүү цагаар ажиллаж байна

Бум бужигнасан газар гэвэл танд хамгийн түрүүнд Нарантуул зах санаанд орох байх. Гэтэл үгүй юм. Манайдаа ганц үзлэг оношлогооны төв болох Улсын килиникийн төв эмнэлэг /УКТЭ/ өдөр бүр түм бужигнадаг газрын нэг болсоор олон жилийг ардаа орхилоо. Монгол Улсын хүн амын тал хувь нийслэлд амьдардаг. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн хүнд өвчтэй буюу 13 А, 36 дугаар маягттай хүмүүс тус эмнэлгийг зорьдог. Өдөр шөнөгүй нэгдүгээр эмнэлэгийг зорих хүний хөл тасардаггүй аж.

Нэгдүгээр эмнэлгийн амбула­торийн хэсэгт үйлчлүүлэхээр хү­лээн буй иргэдтэй ярилцах гэсэн боловч үг солих сэхээтэй хүн байсангүй.  Хэн нэгний өвчтэй байхад нь зовоох  гэсэн бус энд байгаа байд­лыг асуух гэснээ тайлбарлахад иргэд дуу нэгтэйгээр “Ачаалал нь дийлдэхгүй байна. Мөнгөтэй хүнд үйлчилдэг болж. Өдөржин хүлээгээд ч нэмэр­гүй байна. Анхаарч мэддэг хүн байдаг бол анхаарах цаг болсон юм биш үү” гэж байлаа. Яагаад мөнгөтэй хүнд үйлчилж байна гэж гомдоллож байгааг та ч бас мэдэх байх. Оношлогоо, үзлэг хийдэг өрөө бүрийн хаалган дээр “үнийн тариф” бичжээ. Хамгийн багадаа зургаан мянга, түүнээс дээш 60 мянга хүртэл тарифтай. Уг нь хувийн эмнэлгүүд үүдэндээ төлбөрийн тариф наасан байдаг санагдана. Гэтэл энэ бол улсын төв эмнэлэг билээ.

Амбулаториор үйлчлүүлж буй иргэдтэй ярилцсаны  дараа тус эмнэ­лгийн дарга Б.Бямбадоржтой уулзсан юм. Б.Бямбадорж “Манай эмнэлэг сүүлийн гурван жил ачааллаа дийлэхгүй байсан. Үүнээс болж иргэд бухимддаг. Бид энэ сарын 4-нөөс уртасгасан цагаар ажиллаж байгаа. Одоохондоо ажил жигдрээгүй байна. Өглөөний 09.00-20.00 цаг хүртэл ажиллах болсон.Улсаас эмнэлэг барьж өгөхийг хүлээж сууснаас бид өөрсдөө ачааллыг яаж багасгах талаар судалсны дүнд уртасгасан цагаар эмч нарыг ажиллуулах хэрэгтэй гэж үзсэн. Үүнийг дагаад урсгал зардал нэмэгдэж байгаа. Одоохондоо бид өөрсдийн нөөц боломжийг ашиглаж байгаад цаашид эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авч болох юм байна гэдгийг судалсан. Нэмэлт цагаар ажиллаж байгаагийн хэрээр ачаалал багасна. Гол нь иргэд авсан хуваарийн дагуу цаг баримтлан ирж үзүүлж чадвал ачаалал  багасна. Оройн 20.00 цаг хүртэл ажиллаж байгаа ч иргэд мэдээлэл муутай байна” гэв.   

УКТЭ буюу нэгдүгээр эмнэ­лэг нь хөдөө орон нутаг болон нийслэлийн дүүргээс 13 А болон 36 дугаар  маягттай иргэдэд үйлч­лэхээс гадна  20 төрлийн үзлэг,  оношлогоо хийдэг гэв. Мөн өвчин нь хүндэрсэн дүүргийн эмнэлэгт оношлох, хэвтэн эмчлүүлэх бо­ломжгүй иргэд үйлчлүүлдэг.  Гэ­тэл нэгдүгээр эмнэлэгт ирж үйлчлүүлж байгаа иргэд  14-21  хо­ногийн дараа үзүүлэх дугаар л авч чаддаг. “Эгч нь Хөвсгөл аймгаас ирээд долоо хонож байна. Ирсэн өдрөө өглөө 08.00 цагт ирж дараалал авсан боловч одоо болтол үзүүлээгүй л байна. Бие өвдөөд тэсэхгүй бол төлбөртэйг нь төлөөд үзүүлэхээс гэж бодоод л сууж байна.  Олон жил даатгал төлсний ач тусыг үзэхгүй нь бололтой.  Төл­бөр­тэй үзүүлэх хүн нь шууд л орчих юм. Мөнгөгүй бол ч хэцүүдэх л юм байна” гэж Т.Дуламханд гэх эмэгтэй хэллээ. Тус эмнэлэгт өдөрт мянгаас дээш хүн үзүүлэхээр дугаар авдаг гэнэ. Долоо хоногийн нэг дэх өдөр хамгийн их ачаалалтай 1200 номер иргэдэд олгодог аж. Одоогоор 17 төрлийн оношлогооны дараалал их байгаа аж. Иргэд өөрсдөө хүссэн тохиолдолд төлбөр төлж үзүүлэх боломж нь нээлттэй гэнэ. Үнэндээ мөнгөтэй хүнд үйлчилдэг гэх иргэдийн гомдол үнэн бололтой. Өрөөний үүдэнд  дугаарлаж зогссон хүмүүс хоорондоо маргалдаж эхэллээ. Учрыг тунгаавал төлбөртэй үзүүлэх гэсэн нэгийгээ оруулахгүй дугаараараа орохыг шаардаж байлаа. Өглөөнөөс орой болтол өвчиндөө шаналж буй хүмүүс бухимдахаас ч яахав. Төлбөр төлж үзлэг хийлгэх гэж байгаа иргэн Э.Батгэрэл “Ах нь олон өдөр дугаарласан. Уг нь төрийн албан хаагч. Даатгалтай гээд хүлээвэл ажил амжихгүй байна. Ажлынхаа хажуугаар үзүүлж байгаа болохоор арга бараад төлбөрийг нь төлж үзүүлж байна. Үнэхээр хүлээж тэсэхгүй байна. Нөгөө бухын доо­дохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг дараалал хүлээвэл бүтэхгүй шинжтэй” гэв. Түүнийг бас л буруутгах аргагүй.

 “1990 онд дэлгүүрт л ийм дараалал байдаг байсан Тэр цаг ч хатуухан байсансан. Жил бүр өчнөөн мөнгө эрүүл мэндийн сал­барт төсөвлөсөн гэж ярьдаг. Гэтэл энэ мөнгө хүрэх эзэндээ хүрч чадахгүй байна” гэж хүүхдээ үзүүлж байсан нэгэн аав хэлж бай­сан. Эрхэм түшээдээс нэгэн “гуйлт” байгааг  дамжуулж өгөхийг өвчинд  шаналж, дараалалд дарагд­сан иргэд хүссэн. Та бүхэн өвдөхөөрөө хэзээ ч нэгдүгээр эмнэлэгт ирэхгүй. Үүний оронд гадаадын үнэтэй эмнэлэг, эмч нар барааддаг нь нууц биз. Тэгвэл таныг энэ эмнэлгээр үзүүлээч гэж гуйхгүй. Харин иргэдийнхээ, эмнэлгийнхээ байгаа байдлыг нэг ирээд үзээч гэж дамжуулж өгөх  хүслийг уламжилж байна.   

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж