Шүүхийг шинэчлэх том давалгаа болно

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Шүүхийг шинэчлэх том давалгаа болно

Энэ сарын 14-15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган зохион байгуулах болжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх П.Цагаантай ярилцлаа.

“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган болох гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба, шударга ёс” үндэсний чуулган энэ оны дөрөвдүгээр сарын 14-15-ны өдөр Төрийн ордонд болно. Энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Бат­болд, УИХ-ын гишүүд болон шүүх, прокурор, шүүхийн ерөнхий зөвлөл, өмгөөлөл, ноториат, шүүхийн шийд­вэр гүйцэтгэх байгууллага, цаг­даагийн төлөөлөл зэрэг хууль сахиу­лах байгууллагын төлөөллөөс гадна хуулийн пүүс ажиллуулдаг мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд оролцох юм.  Мөн орон нутагт ажиллаж байгаа хуулийн ажилтнууд оролцоно. Дээр нь Киргиз улсын парламентын дэд дарга тэргүүтэй 10 гаруй төлөөлөгч манай чуулга уулзалтад оролцоно. Киргиз улсын хувьд Монгол Улсын хөгжлийн замыг сонирхож хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Чуулганд АНУ, ХБНГУ-ын хуулийн байгууллагын томоохон төлөөлөгчид ирэх юм. Чуулга уулзалтад салбартаа олон жил ажилласан туршлагатай төлөөлөгчдийг оролцуулахыг зорьж байна. Энэхүү чуулгад дөрвөн үндсэн сэдвээр 15 салбар хуралдаан зохион байгуулна. Салбар хуралдаанаар онол ярихаас илүүтэй практик шинжтэй Монгол Улсын нийгэмд тулгамдаад байгаа асуудлаар хэлэлцэнэ. Салбар хуралдаанаас асуудлыг шийдэх зөвлөмж гаргах нь бидний хүлээж буй эцсийн үр дүн байх юм. Салбар хуралдаанаас гарсан эцсийн үр дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулж нэгдсэн хуралдааны дараагаар шүүх эрх мэдэлтэй холбоотой шинээр боловсруулсан дөрвөн хуулийн төсөл болон бусад хуульд шинэчлэлийн оновчтой санаануудыг тусгахын төлөө ажиллаж байна. Шүүхийг бие даасан, хараат бус, алагчлалгүй байлгах, бие даасан шүүхийг бий болгох хоёр дахь томоохон шинэчлэл хийнэ. Иргэд шүүхийг өөрөөсөө хол гэж боддог. Гэтэл шүүх танд хамгийн их хамаатай зүйл байдаг. Хүн өвдөхөөр эмнэлэг биш таньдаг эмч хэн байдаг билээ гэж хайдаг. Гэтэл манай улс хөгжих тусам үнэхээр шударга шийдвэр гаргадаг ноён нуруутай шүүхтэй болох шаардлагатай байна. Гадаадын хөрөнгө оруулагч компаниудад асуудал үүслээ гэхэд арбитрийн шүүхэд ханддаг. Энэ юу хэлээд байна гэхээр манай шүүх эрх мэдлийн байгууллагад итгэх итгэл байхгүйтэй холбоотой.

-Чуулга уулзалт, хуралдаан олон болдог.  Дараа нь бодитой үр дүн гээд байх юм харагддаггүй. Энэ уулзалтын онцлог юу байх бол?

-Энэ хуралдааны онцлог нь төрийн бус байгууллага, эрдэмтэн мэргэд, иргэд гэх зэрэг сонирхсон хүн бүхэн оролцох боломжтой. Нэг асуудлыг олон өнцгөөс хараад санал оруулах боломжтой. Цаашид ус орон хөгжиж их мөнгө орж ирнэ гэдэг их том маргаан гарна гэсэн үг. Тэгэхээр бид шүүх эрх мэдлийн байгууллагаа эрүүл саруул байлгах хэрэгтэй. Үүний тулд маш олон реформын шинжтэй асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй байна. Шүүгчдийг сонгон шалгаруулах, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудалд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих үйл ажиллагаа 99,9 хувьтай байна. Гэтэл  иргэн захиргааны хэргээр гаргасан захиргааны хэргийн шийдвэр 53 хувьтай байсан. Өчнөөн зарга зальхай болж байж шийдвэр гаргадаг. Гэтэл гаргасан шийдвэрийн тавин хувь нь биелэхгүй байна гэсэн үг. Бодит байдал ийм байхад бүх талаас нь бодох зайлшгүй шаардлагатай. Шүүх үнэхээр сайн шийдвэр гаргаж болно. Харин шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тусдаа байгууллага хэрхэн ажиллаж байгаа нь чухал. Өнөөдөр  дэлхийд биш юм аа гэхэд Монгол Улсдаа хүлээн зөвшөөрөгддөг сайн шүүхтэй болох зорилго байна.  Үүнийг онолын маргаан гэж үзэхээсээ илүү практик ач холбогдол өгч үндэсний чуулган хийх гэж байна.

-Шүүхийн шийдвэр хэрхэн гарч байгаа талаар ямар нэг судалгаа хийсэн болов уу?

-Шүүхийн шийдвэр амьдралд яаж хэрэгжиж байгаа талаар олон янзын судалгаа хийсэн. Жишээлбэл, банкны өр барагдуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гаргахад хуулийн дагуу 90 хоногт багтаж шийдэх хэрэгтэй байдаг. Ийм байтал яг ийм 4000 хоносон хэрэг байгаа. Энэ хэргийг шийдэх гэж зургаан удаагийн шүүх хурал болсон байдаг. Дөрвөн мянга гэхээр олон жил болно. Тэгэхээр ингэж удаад байгаа нь шүүхтэй холбоотой байна уу, хэрэг бүртгэлтэй холбоотой байна уу хэнтэй холбоотой байна гэдэг онош тавьж цаашаа засч залруулах санал зөвлөгөөн гаргуулж ажлын хэсэг байгуулж хууль боловсруулж УИХ-д өргөн барина.  

-Шүүхийн шийдвэрийг яаж бүрэн хэрэгждэг болгох вэ?

-Шүүхийн төсвийг бие даалгах хэрэгтэй. Нөгөө талаас хуульчдад тавьдаг ёс зүйн хэм хэмжээг өндөр болгох хэрэгтэй. Мөн хуулийн их сургуулийн сургалтын хөтөлбөрийн шэнэчлэх, багш нарыг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Нэгэнт мэр­гэж­лийн сургууль төгсөөд хуулийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг яаж үргэлжлүүлэн сургах тухай асуудлыг хөндөж байгаа. Өнгөрсөн 20 жилд Монгол Улс маш их өөрчлөгдсөн. Шинээр зохицуулах шаардлагууд гарч ирж байна. Жишээ нь, ашигт малтмалын эрх зүй тодорхой бус байна. Монгол Улс тэр чигээрээ уул уурхайн орон болох гээд байдаг. Гэтэл ашигт малтмалын шинжлэх ухаан манай улсад хөгжөөгүй. Энэ мэргэжлээр бэлтгэгдсэн хуульчид манайд байхгүй. Мэргэжилтэн бэлтгэлээ гэхэд тэдгээр хүмүүсийн мэдлэг мэргэжлийг хэрхэн дээшлүүлэх гэдэг нь тодорхойгүй. Байгаль орчны эрх зүй, хулдалдааны эрх зүй, үнэт цаасны эрх зүй, бизнестэй холбоотой эрх зүй,  мэдээлэл технологийн эрх зүй гэх зэрэг шинэ зүйл их бий боллоо. Энэ бүгдийн цаана дандаа хэрэг маргаан байж эрх зүйн зохицуулалт шаардлагатай болдог. Эдгээр асуудлыг шийдэх хичээлийн программ бий болгож хуулийн сургуулийн сургалтын программд тусгадаг байх хэрэгтэй.  Нэг ёсны иж бүрэн практик шинэчлэл хийх зорилго бүхий үндэсний чуулган хийх гэж байна.

-15 салбар хуралдаан болно гэлээ. Тэгвэл дөрвөн үндсэн сэдэв юу байгаа бол?

-Дөрвөн үндсэн сэдэвт Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал, дараагаар нь шүүхийн процесстой холбоотой асуудал, эрүүгийн байцаан шийтгэх, иргэний бай­цаан шийтгэх, захиргааны бай­­цаан шийтгэхтэй холбоотой асуудлууд нэгдүгээрт бий. Шүүхийн өмнөх шатны хэрэг бүртгэх, мөрдөн байцаахтай холбоотой асуудал хоёр­дугаарт байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаахтай холбоотой асуудал гурав­дугаарт байгаа.  Шүүхийн өм­нөх шатны хэрэг бүртгэх мөрдөн байцаалттай холбоотой асуудал, шүү­хийн шийдвэр гүйцэтгэхтэй хол­боотой ийм ерөнхий  дөрвөн асуудал байгаа юм.

-Эдгээр салбарын бүгдийнх нь цаана түгээмэл байдаг асуудал нь хууль сахиулагч хуулийг өөрийн сонирхлоор тайлбарлаж хэрэгжүүлдэг. Энэ бүгдийн цаана хэрэгт холбогдогч хуулийн мэдлэг бага учир заргалдаад явдаггүй. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би энэ ажлыг аваад зургаан сар болж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улсад шүүгчийн эрүүл мэндийн байдал, түүний зан характер, нүдний хараа, чихний сонсгол, сүүлийн 12 сар эмчид үзүүлсэн эсэх, гэх зэрэг шүүгчид нэр дэвшүүлэхийн тулд тавьдаг зөвхөн эрүүл мэндтэй холбоотой олон шалгуур байдаг. Манайд нэг өгүүлбэр байдаг, түү­нийгээ өөр өөрсдийнхөөрөө тайлбар­ладаг. Шүүхтэй холбоотой нэлээд олон асуудал боловсруулсан байгаа. Үндсэн хуульд заасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөл. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийг Дээд шүүх даргаладаг.  Үүнийг салгах хэрэгтэй. Тэгээд Дээд шүүх нь төсвөө яамдтай адилхан Засгийн газраар дамжуулж УИХ-д өргөн барьдаг биш шууд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж батлуулдаг байх нь зүйтэй. Харин төсвийн тайлангаа УИХ-д тайлагнадаг байх хэрэгтэй. Нэг талаасаа ажиллах амьдрах төсөвт нь анхаарал хандуулж нөгөө талаас нь шударга байх шалгуур буюу ёс зүйгээр нь шалгаруулдаг байх хоёр асуудалд тэнцвэртэй хандах хэрэгтэй. Одоогийн хуулиар шүүгчийг насаар нь  томилдог. Үүний оронд тодорхой хугацаагаар хйисэн ажлыг нь үнэлдэг үнэлгээтэй байх хэрэгтэй. Гэхдээ шууд удирддаг биш. Уг нь шүүгч болгон хараат бус байна гэж тунхагласан байдаг. Гэтэл амьдрал дээр бүгд хараат болсон юм байна. Шүүхийн тухай хуулийн тайлбарласан дээд шүүхийн тайлбар байгаа. Хуулийг Дээд шүүх тайлбарладаг. Гэтэл тэр нь яаж байна гэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийг шалгах тухай мэргэжлийн зөвлөгөө өгдөг хэргээр нөлөөлдөг арга замууд хийгдсэн байна. Үндсэн хуульд хараат бус байна гэж заасан хэрнээ хууль нь журам, цаашлаад тогтоол болоод эцэстээ хараат болсон байна. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийг томилох­доо тухайн шүүхийн ерөнхий шүүг­чийн саналаар томилдог. Хуульд тэгж заасан байгаа юм. Тэгэхээр Ерөнхий шүүгчдээ тухайн шүүгч захирагдахгүй бол болохгүй болоод байгаа. Энэ бүгдийг бид тусгаарлах гээд зүтгээд байна. Том асуудлыг хөндөхөөс амна шүүхийг чадалтай эрүүл болгох үүднээс хийх ажил маш их байна.

-Шүүгч нь хараат юм бол шүүх ямар байна бие даасан байж чадаж байна уу. Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүх хангалтгүй шийдвэр гаргасан гэдэг?

-Ерөөсөө шүүхийн ерөнхий зөвлөл дарга нь дээд талд байдаг болохоор өмнө нь ёслохоос өөр аргагүй болж байгаа юм. Долдугаар сарын 1-ний хэргийг шүүсэн асуудлыг шалгалт хийгээд унагасан. Энэ асуудлыг нийгмээрээ мэдэж байгаа тодорхой асуудал. Шүүхийн бие даасан байдал гэдэг төсөв хөрөнгөөс гадна хууль тайлбарлахад учир байна. Энгийн жишээ хэлэхэд миний ширээн дээр нэг материал байна. Энэ хүний нэрийг хэлээд яах вэ. Энэ яаж байна гэхээр шүүхийн тухай хуулийн 32,32,7 дахь заалтыг үндэслэн тэр танхимын тэргүүн шүүгчийг томилох гээд ерөнхий шүүгч нь санал оруулж ирж байгаа юм.   Үүнтэй адил нэр дэвшүүлэхэд ийм журам байгаатай адил албан тушаал дэвшүүлэхэд хүнээс хамаардаггүй журам байх хэрэгтэй. Шүүхийн тухай хуулийг тайлбарласан тайлбар байгаа юм. “Шүүхийн мэргэжлийн удирдлага нь хуулийн тайлбар, сургалт явуулах, шүүхийн практикийг нэгтгэн судалж зөвлөмж гаргах хэлбэртэй байна гэсэн ийм хууль байна. Үүнийг манай Дээд шүүх яаж тайлбарлаж байна гэхээр Дээд шүүхээс хуулийн албан ёсны тайлбар гаргахаас гадна шинжлэх ухааны, онолын, сэдэвчилсэн, үзэл баримтлалын тайлбар гаргах ёстой. Мөн онол практик хууль хэрэглэх арга зүйн асуудлаар төвлөрсөн, бүсчилсан, дайны, газар дээрх гэх зэрэг сургалт явуулах хэрэгтэй. Мөн шүүхийн практикийг статистик мэдээнээс таслан шүүхээс гаргасан эрхийн актаас, тодорхой төрлийн хэрэг маргааныг судлаж цаг үеийн шаардлагатай асуудлаар зөвлөмж тойм судалгаа гаргах зэрэг арга хэрэгслийн ашиглаж болохыг хэлнэ. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүн таслах үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр шалгах явцад дээрх гурван төрлийн үйл ажиллагааг заавал явуулах. Сэдэвчилсэн буюу хэсэгчилсэн шалгалтын явцад аль нэг хэлбэрийн ажиллагааг явуулж байвал зохино” гэж нэг өгүүлбэрийг сэдэв өгөөд бараг уран зохиол бичиж байгаа юм шиг болгож байгаа юм. Салбар хуралдаанаар бидний хэлэлцэх нэг асуудал бол дээд шүүхийн тайлбар байна. Дээд шүүх яах ёстой гэхээр нэг хуулийн заалтыг олон янзаар хэрэглэх юм уу, эсвэл нэг хуулийн заалтаар өөр өөрөөр хэрэглээд байна гэх маргаан үүсэх юм бол түүнийг авч хэлэлцээд ингэж хэрэглэх тухай шийдвэр гаргах нь тайлбар гэж ярьж байж оруулсан юм. Гэтэл хууль тогтоох байгууллагын нэг өгүүлбэрийг 10 өгүүлбэр болгож тайлбарлдаг Дээд шүүх гэж байж болохгүй. Дээд шүүхийн тайлбарыг одоогийн хуулиар хэн ч өөрчлөх эрхгүй. Үүнээс эхлээд практик талд засч залруулах зүйл их олон байна.

                    Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж