Давуу эрхийн хувьцааг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Давуу эрхийн хувьцааг дэмжлээ

Д.СУГАР: Иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэхийг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт иргэн бүртээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх түүхэн шийдвэр гаргасан бол ирэх долоо хоногт  дахин сюрприз барих нь ээ. Тодруулж хэлбэл, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн давуу эрхийн хувьцаанаас иргэн бүртээ нэг ширхэгийг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Шийдвэр гарснаар Монгол Улсын иргэн бүр 536 ширхэг энгийн хувьцаан дээр нэг ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмших болж буй юм. Давуу эрхийн хувьцааны онцлог нь бусдад шилжүүлэхгүй, гагцхүү жил бүр ногдол ашиг хүртэхээрээ энгийн хувьцаанаас ялгаатай. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас дараах асуултад хариулт авлаа.

-Иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд орууллаа. Дэмжигдсэн үү?

-Төрийн өмчийн хорооноос Засгийн газрын хуралдаанд хоёр ч асуудал орууллаа. Нэг дэх нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь­цааг иргэдэд хуваарилсан. “Эрдэнэс Тавантолгой” бол бүх хувь­цаа нь энгийн хувьцаанд ху­ваагд­даг, сонгодог хувьцаат компани учраас иргэдэд нэг л удаа хуваарилна. Өөрөөр хэлбэл, 2011 оны нэгдүгээр улирлын хугацаанд хувьцааг хуваарилаад дууссан гэсэн үг. Иргэд энэ хувьцааг хэдий үед арилжаалах боломжтой вэ гэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын зах зээлд гар­гаж, үнэ ханш нь тогтсоны дараа арилжаалах эрхтэй болно.

Хоёр дахь асуудал нь  “Эрдэнэс МГЛ” компанийг өөрчлөн бай­гуулж, Хүний хөгжлийн сангийн хуультай уялдуулах тухай байлаа. Энэ компани 100 мянган энгийн хувьцаатай. Мөн стратегийн ач холбогдолтой 15 охин компани үүнд хамаарна. Тухайлбал, “Эр­дэнэс МГЛ” компани нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 51, “Оюутол­гой” компанийн 34 ху­вийг тус бүр эзэмшиж байна. Ойрын үед “Багануур” компанийн 75, “Шивээ-Овоо” компанийн хувь­цааны 90 хувь төвлөрнө. Цаашдаа стратегийн ордуудын хувьцаа дэс дараатайгаар орно гэж ойлгох хэрэгтэй. Ингэхээр хүчирхэг баян компани болох юм. Өөрөөр хэлбэл, дээрх нэрлэсэн компаниудын ног­дол ашиг “Эрдэнэс МГЛ” ком­панид төвлөрнө гэсэн үг. Төв­лөрсөн ногдол ашгийг УИХ жил бүр хэлэлцээд хэдийг нь иргэдэд хуваарилах вэ, хэдийг нь хөрөнгө оруулалт хөгжлийн асуудалд зар­цуулах вэ гэдгийг шийдэх учиртай.

УИХ-аас иргэдэд хуваарилах мөнгө бэлэн болохоор дээрээс нь нэмээд давуу эрхтэй гурван сая хувьцаа гаргаж байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын 2.8 сая иргэнд хүрэлцэнэ. Цаана нь үлдэж байгаа  200 мянган ширхэг хувьцааг шинээр мэндлэх иргэдэд олгоно. Монгол Улсын иргэн жилдээ 40-60 мянгаар өсч байна. Гадаадын иргэн болсон, нас барсан иргэнээ хасч тооцохоор дээрх хувьцаа нь 3-4 жилдээ хүрэлцэнэ гэж тооцоолсон. Гэхдээ ойрын үед  давуу эрхийн хувьцааны хуваарилалт, ногдол ашиг гэж байхгүй. Яагаад  гэвэл Тавантолгой, Оюутолгойн ордуудыг хараахан ашиглалтад оруулаагүй байна. Нэр дурдсан ордуудыг ашиглаад эхлэхээр иргэн бүр давуу эрхийн хувьцаанаасаа ногдол ашиг хүртэнэ гэж ойлгож болно.

-Энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа юугаараа ялгаатай юм бэ?

-Энгийн хувьцаа нь хөрөнгөөр баталгаажсан байна. Жишээлбэл,  т ухайн компанийн хөрөнгийг нийт гаргасан хувьцаанд нь хуваана гэсэн үг. Үүгээрээ иргэн саналаа өгдөг, шийдвэр гаргахад оролцдог байх юм. Давуу эрхт хувьцаа нь янз бүрийн шаардлагаар гардаг л даа. Энэ удаа иргэдэд ногдол ашгаас хуваарилах зорилгоор гаргаж байгаа юм.

-Тэгэхээр Засгийн газрын гуравдугаар сарын 31-ний тогтоолд заасан шалгуурыг хангасан иргэд хоёр төрлийн хувьцаа эзэмшинэ гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ, иргэдэд өмнө нь хуваарилсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцаа,  дээрээс нь “Эрдэнэс МГЛ” компанийн нэг ширхэг давуу эрхтэй хувьцаа байх юм. Давуу эрхтэй хувьцаанд хэчнээн төгрөг ногдох вэ гэдгийг УИХ-аас жил болгон шийднэ.

-Тавантолгойн Төлөөлөн удир­дах зөвлөлд иргэдийн төлөөлөл оруулъя гэсэн байсан. Энэ нь  Төрийн өмчийн хорооны санаач­лага байсан уу. Засгийн газрын хуралдаанаас саналыг дэмжсэн үү?

-Засгийн газрын хуралдаанаар асуудлыг дэмжсэн. “Эрдэнэс Таван­толгой”-н хувьцааг бүх иргэнд тараасан. Түүнийг дагаад энэ ком­панийн хувь нийлүүлэгчийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд хэн төлөөлөх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гурван хүн бий. Ж.Батзандан, н.Дондов, н.Очирхүү нар 2.7 сая иргэнийг төлөөлнө. Цаашид энэ асуудлыг боловсронгуй болгох шаардлагатай. Компанийн тухай хууль батлагдаагүй байгаа болохоор захиргааны журмаар тэднийг томилсон. Хурал дээр олон санал гарч байна. Тухайлбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг оруулъя гэж байна. Тэгтэл ИТХ-ын тэргүүлэгч нь намын харьяалалтай хүмүүс байдаг. Тэд иргэдийг төлөөлж чадах уу гэдэг асуудлыг сөргүүлээд тавьж байна. Тийм учраас асуудлыг олон талаас нь харж, хэлэлцэж байгаад журмаа батална. Нэг ёсны Төлөөлөн удирдах зөвлөлд ямар шалгуурыг хангасан хүн иргэдийг төлөөлж чадах вэ гэдэг үзүүлэлтээ гаргана. Хамгийн тэргүүнд боловсролын төвшин шалгуур үзүүлэлт болох байх. Бидний гол зорилго бол компанийн засаглалыг бэхжүүлэх, улс төрөөс ангид байлгах талд зогсоно.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж