Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Цаазыг “цаазлахуй”

Эрт балар цагийн хүний өс хонзонгоо тайлах зэрлэг балмад араншингийн үлдэгдэл өдгөө оршсоор байна. Сүрэг сүргээрээ ан ав хөөцөлдөн агуйд орогнож байсан “хоёр хөлт”-ийн өвөг дээдэс бусдад хорлогдсон нэгийнхээ амийг цусан өшөөгөөр төлүүлдэг байсан зан үйл улбаалсаар ялын дээд хэлбэр маягаар өнөөг хүрчээ.  Соёл иргэншил ч балрын үеийн амийг амиар солих жишгийг мөхөөсөнгүй. Тэр заншлаа хуулиар баталгаажуулж, хуулийн дээд хэмжээ хэмээн нэрийдэж “цааз” гэсэн хатуу нэр оноочихсон.  Гүйцэтгэх аргаараа “Цахилгаан сандал”, “Техасын коктейль”, “Столыпины зангиа” гээд зүсэн зүйлийн аймшгийн нэртэй. Хүн хүнээ тогоор цохиулж, хортой тариагаар тарьж, олсоор дүүжилж, буудаж  егүүтгэж байна гээд өнөө цагт төсөөлөхөд ч хэцүү “ёс заншил”. Тийм ял авсан нөхөд өөрсдөө хавьгүй хэрцгий хэрэг үйлдсэн ч шийтгэж буй арга нь ХХI зуунтайгаа авцалдахгүй болжээ.

Хүний ертөнцийг элдэв бараан сүүдэр дагалдсаар ирсэн тул хууль ёс, ял цаазаар түүнийг журамлахаас аргагүй байсан. Тэгэхгүй бол адгуусны ертөнцөөс ялгарах юмгүй байх байсан биз. Бас хэрцгий догшин авиртныг цаазаар залхаахгүй аваас хор уршиг нь дааж давшгүй зовлон бэрхшээл учруулж, эр бяраар бүхнийг шийдэх зэрлэг ёс нийгэмд тогтох байсан нь зайлшгүй.

Гэхдээ “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”  гэгчээр шинэ зуунд дэлхийн дийлэнх улс орон ялын дээд хэмжээнээс татгалзах талаар ярьдаг боллоо. Энэ нь балмад этгээдийн толгойг илнэ гэсэн үг биш. Харин ч насаар нь шоронд хатааж тамыг нь цайлгах, эсвэл хилс хэрэг хүлээсэн нь хожим илэрвэл амийг нь хэлтрүүлэх зэрэг хэд хэдэн талтай. Тэгээд ч цаазаар авах ял нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олигтой нөлөө үзүүлдэггүй болохыг дэлхий нийтийн туршлага харуулсныг хүний эрхийн байгууллагууд судалгаагаар тогтоожээ. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг биз дээ.
Сүүлийн 20 жилд цаазаар авах ялыг халах шийдвэр гаргасан улс орнуудын тоо өссөн байна. Өнөөдөр дэлхийн 129 орон цаазаар авах ялыг хуулиар халжээ. Үүнээс 89 орон цаазаар авах ялыг бүрэн цуцалж, 10 орон дайны гэмт хэргээс бусад тохиолдолд оноохыг хориглож, 30 орон практикт хэрэглэхээ зогсоож сүүлийн 10 гаруй жил ийм ял гүйцэтгээгүй ажээ. Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа ч зарим нь  ялын дээд хэмжээ оноох хэргийн тоог бууруулжээ. Харин БНХАУ цаазын ял гүйцэтгэдэг тоогоороо дэлхийд тэргүүлж явна. Алах ял оноодог бусад улс орнуудад цаазлуулагсдын тооны нийлбэрээс Хятадад жилдээ ийм ялаар шийтгүүлсэн хүний тоо давж гардаг гэсэн судалгаа бий. Түүний араас наад зах нь 388 хүн цааш харуулсан Иран, тэгээд Ирак, Саудын Араб, АНУ жагсч байна. Цаазаар авах ялыг 2008 онд 25, 2009 онд 19,  2010 онд 23 оронд гүйцэтгэж 527 хүний “бодийг” хуулийн дагуу “хөтөлсөн” бол БНХАУ-д жилдээ 1500 орчим хүнийг хороодог гэсэн тойм тоо гарчээ. БНХАУ цаазаар авах ял гүйцэтгэдэг хэргүүдийг цөөлнө гэдгээ саяхан мэдэгдсэн. Лав л татвараас зайлсхийх зэрэгт тийм ял оноохгүй гэжээ.

АНУ цаазаар авах ялыг 1967 онд цуцалж, 1977 оноос дахин хэрэглэж эхэлснээс хойш 1200 хүнийг хороожээ. Техас, Виржиня, Оклахома гурван мужид цаазын ялын талаас илүү хувийг гүйцэтгэсэн талаар хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага мэдээлсэн байна.

Цаазаар авах ял нь харгис хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон, амьд явах эрхийг хязгаарладаг гэж үзэн Эмнести интернэшнл байгууллага 1961 оноос цаазын ялын эсрэг үйл ажиллагаа явуулж иржээ.

 Монгол Улсын хувьд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны нэгдүгээр сарын 14-нд цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлж байгаагаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл Ази тивд ч томоохон дэвшил авчирсан гэдгийг НҮБ-аас үнэлжээ. Монгол Улс сүүлийн хоёр жилд цаазын ял гүйцэтгээгүй гэдгээрээ тивдээ дээгүүр үнэлгээ авсан байна.

Хэдийгээр энэ ялын гүйцэтгэл улсын нууцад хамаардаг ч Монголд 1965-2005 оны хооронд 806 хүнд цаазын ял оногдуулсан гэсэн судалгаа байдаг. Хүн амын тоотой нь харьцуулахад чамгүй олон хүнийг егүүтгэжээ. Монгол Улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тухай зарлан тунхагласнаас хойш нэг жил өнгөрч буй энэ үед Эмнести Интернэшнл байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт хандан 2011 онд энэ ялыг хуулиар халахыг уриалаад байна. Уг нь Монгол Улс цаазаар авах ялыг хэд хэдэн удаа халж байсан түүхтэй. Энэ ялыг 1921, 1953 онд тус тус хүчингүй болгож байжээ. Дахин сэргээхдээ хүндрүүлэх шалтгаанаар бусдыг санаатай алах гэмт хэрэгт хэрэглэхээр тогтоожээ. Тэгэхдээ уг ялыг 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрчүүдэд хэрэглэхийг хориглосон байдаг. Монгол Улсад өнөөдөр дагаж мөрдөж буй 2002 оны Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг зургаан төрлийн гэмт хэрэгт оноохоор тусгажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласнаар хүний эрхэм эрхийн дээд нь амьд явах эрх тул цаазаар авах ялыг цуцлахыг Ерөнхийлөгч мэдэгдсэн юм.  “Төрийн нэрийн өмнөөс иргэнийхээ амийг егүүтгэхгүй байх боломж Монгол Улсад бий. Олон нийтийн шахалтаар цаазаар авах ялаас татгалзсан орон гэж дэлхийд үгүй. Харин төр нь энэ ялыг хэрэглэхээс татгалзсан орны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэг тухайн оронд өссөн, эсвэл буурсан гэх үзэгдэл нэг ч судалгаагаар нотлогдоогүй байна. Харин ч зэрлэг балмад гэмт хэргийг үйлдэх, түүнийг даамжруулах хүчин зүйл болдог гэсэн ажиглалт байдаг. Шударга шийтгэл гэдэг бол тухайн гэмт үйлдэлд таарсан шийтгэл байхаас гадна, хэргийн үнэн мөн нь бүрэн тогтоогдож ил тод болоход оршдог “ гэж Ерөнхийлдөгч Ц.Элбэгдорж мэдэгдэж байв.

Олон улсын хүний эрхийн байгууллагуудын санааг цаазаар авах ялтай орнуудаас хамгийн ихээр зовоодгоороо жил бүрийн тайланд нь ордог дөрвөн орон дэлхийд бий ажээ. Тэдгээрийн нэг нь Монгол Улс гэжээ. Монгол Улс энэ жил тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ. “Аливаа орны эрх чөлөөт, бие даасан байдал тухайн орны иргэдийнх нь эрх чөлөө, бие даах чадвараар хэмжигдэх нь бий. Төрийнхөө нэрийн өмнөөс, тухайлбал ардчилсан орны хувьд нэг иргэнийхээ нэрийн өмнөөс нөгөө иргэнийхээ амийг хороодоггүй улс болж, уг бэлгэдэлт ойд бэлэг барихыг би нийт иргэдээсээ хүсч байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч уриалсан юм.

Монголд удахгүй цаазыг “цаазалж” орчин үедээ тохирсон аргаар балмадчуудад цээрлэл үзүүлдэг хууль үйлчилж эхлэх цаг дөхсөн хэмээн НҮБ хүлээж байгаагаа илэрхийлэв. Тэгэхээр энэ оноос Монгол цаазын ялгүй орон болж, харин хэрцгий этгээдүүдэд “амьдын там” эдлүүлэх цаг ирж магадгүй нь ээ.

                    Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж