
Мөн өнөөдөр Азийн аваргын татамид зодоглосон Монголын цагаан өмсгөлтнүүдээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр -100 кг-д, ОУХМ Ц.Наранжаргал эмэгтэйчүүдийн 70 кг-д тус тус хүрэл медаль хүртсэн байна. Харин 81 кг-д Г.Түвшинжаргал нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 90 кг-ын жинд Э.Энхбат Катарын бөхийг цэвэр ялж, Казахстаны бөх Тимур Болатад дийлдсэнээр дагах барилдаанд зодоглосон ч Хятадын Жен Зижаод хоёр юүко үнэлгэгээр ялагдаж, медалийн төлөө барилдах эрхгүй болжээ. Эрэгтэйчүүдийн +100 кг-д хүч үзсэн Н.Батсуурь харамсалтай нь хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны жүдоч Ержан Шынкеевт цэвэр ялагдсан байна. Харин эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-ын жингийн барилдаан хараахан дуусаагүй байна. Энэ жинд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Д.Цэрэнханд хагас шигшээд буюу мөнгөн медалийн төлөө Казахстаны Гулжан Иссановатай барилдахаар болоод байна.