МАХН бус, МАН хууль бус

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

МАХН бус, МАН хууль бус

МАН-ыг засгийн эрх хууль бусаар авсан талаар хоёр хүн хоорондоо мэтгэлцэж байна. Хууль дүрэм, элдэв зүйлийг олон өнцгөөс нь тэд сөхөж байх юм. Хууль бусаар  “засгийн эрхийг авах”-ыг хориглосон заалт Үндсэн хуульд  бий гэнэ. Үндсэн хуулийг сөхөөд үзтэл засгийн эрхийг хууль бусаар авахыг хориглосон ямар нэгэн заалт алга. Харин тус хуулийн гурав дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “ Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдахыг хориглоно” хэмээн цагаан дээр хараар дурайтал бичсэн байна. Үндсэн хуулийн дээрх заалтыг харчихаад төрийн эрэлд мордлоо. Гэтэл тус хуулийн Төрийн байгуулал гэсэн гурав дугаар хэсэгт “Монгол Улсын Их хурал” гэж тов тодорхой заасан байна. Тэгэхээр иргэдийн төр гэж үздэг хамгийн том субьект нь УИХ буюу парламент байх нь. Тэгээд цааш нь парламент 76 гишүүнтэй бүх ард түмнээс сонгогддог, төлөөллийн байгууллага. Төрийн эрх ард түмний мэдэлд байна гэж тус хуулиар баталгаажуулжээ. Гэтэл төрийн эрх мэдэл гарт нь байдаг ард түмэн буюу   нийт сонгогчдоос сонгогдон гарч ирдэг гишүүдээс бүрддэг УИХ-ыг дээрх хоёр этгээд засаг гээд ойлгочихжээ. Энэ бол хувь хүмүүсийн ойлголт. Манай иргэдийн олонхи нь ингэж ярьдаг байж магагдгүй. Тэгвэл үүнээс цааш төрийн эрх мэдэл гэж ярьж байгаарай.

УИХ-ыг сонгож бүрдүүлдэг  тусгай хуультай. Тухайн хуулийн тавдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “ Монгол Улсын Их хурал, УИХ-ыг сонгох тухай хуулийн дагуу сонгогдсон 76 гишүүнээс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг “нийт” гишүүн гэж ойлгоно” гэж заажээ.

Дээрх хоёр этгээдийн мэтгэлцээний эх сурвалжын учрыг олох гэсэн оролдлогыг эндээс эхлэн хайхах нь зөв болов уу. МАХН-ын 26 дугаар Их хурал 2010 оны арваннэгдүгээр сарын 27-нд хуралдаж, МАН мэндэлсэнээр хурал өндрөлж  билээ. Энэ бол болсон явдал. Харин сонгуулийн үр дүнгээр байгууллагддаг УИХ-д сонгуулийн бус аргаар МАН олонхи болсон нь тэднийг ингэж ярихад хүрэгжээ. Үнэхээр ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн наймдугаар зүйлд “ Сонгуулийн дүнгээр 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл нь олонхи”,”38 ба түүнээс доош суудал авсан нам, эвслийг цөөнх” гэнэ гээд бичихжээ. Тэгэхээр УИХ-ын 2008 оны ээлжит сонгуульд МАХН оролцоод 45 суудал авч олонхи болсон. Гэтэл тэд нүд ирмэхийн зуурт МАН-д сонгуулийн дагуу авсан  төрийн эрх мэдлийг алджээ. 

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “ Сонгууль зарлахаас өмнө Улсын бүртгэлд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй” хэмээжээ. Энэ заалтаар МАН нь УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийн дараа бий болсон нь нэгэнт тодорхой . Сонгуулийн дараа мэндэлсэн тэднийг Үндсэн хуулийн  “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ гэж үзэх үндслэлтэй. Харин ийм хууль зөрчсөн үйлдэлийг хийж чадах бүдүүн зүрхтэн МАН-д хэн байж болох вэ. МАХН-ын дарга асан С.Баярыг гэж олон хүн хэлж байна.   Намын дарга Ерөнхий сайдыг давхар хашдаг тул, намын гал тогооны ажил ерөнхий нарийн бичгийн даргад илүү хамааралтай.

У. Хүрэлсүх тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Түүнийг гал тогооо барьж байх өнгөн дээр МАН мэндэлжээ. Төрөөд удаагүй байгаа энэ нам хар нялхаараа шууд Төрийн хэргийг шийдэж байна гэж хэлж болно. Гэхдээ бас 90 жилийн ой тэмдэглээд авсан гэж байгаа. Эндээс мэндлээд 90 хоносон МАН 90 жилийн ойгоо тэмдэглэсэн сонин үйл явдал болжээ. Үнэхээр ийм санаа хүний ой ухаанд орно гэхэд хэцүү. Гэхдээ л орсон байна. МАН-ыг босгож ирэхийг  анх хэн санаачилсан нь одоо хамаа алга. Харин хэрэгжүүлсэн хүн бол У.Хүрэлсүх болж таарна. Түгших,  баясах зэрэгцсэн энэхүү болсон явдлын эзэнд улс төрийн хүрээнийхэн “галзуу” генсек хэмээх нэрийг хайрлажээ. Гэхдээ МАХН-ын голомтыг сахиж үлдсэн хүмүүс түүнийг үүнээс ч муухайгаар хэлж байж мэдэх юм. Тэгээгүй бол сайн хэрэг..

  У.Хүрэлсүхийн нам Дээд шүүхэд бүртгүүлчихлээ. Одоо бол уг нам сонгуульд орох бүрэн эрхтэй . Сонгууль зарлагдахаас өмнө намаас тасарч нам байгуулж санал хураалтад  орж байсан жишиг бий. Тухайлбал УИХ-ын 2000 оны ээлжит сонгуулийн өмнө МҮАН-аас МоАН өрх тусгаарлаж байсан юм. Тэр жишгийн дагуу хууль бусаар төрийн эрхийг авч албан бусаар УИХ-д олонхи болоод байгаа  МАН 2012 оны ээлжит сонгуулийг хүлээлгүй, ээлжит бус сонгууль зарлаж бүрэн эрхээ баталгаажуулахгүй бол албан бус олонхитой УИХ-ын гаргасан  шийдвэрийг иргэд дагаж мөрдөхгүй байдалд хүрч мэднэ. Үүнээс цааш МАН-д гишгэх газар үгүй гэлтэй.

                                                                                                            Г.Эрдэнэбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж