
Шилдэг залуу эмчид олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2011 оны шагналын эзэд өнөөдөр тодорлоо. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн үений эмгэгийн тасгийн эрхлэгч, их эмч Рэгзэнгийн Баяртулга, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Бандийн Мөнхбат нар энэ оны шилдгүүд болсон байна. Эмч Р.Баяртулга өвдөг, түнхний хиймэл үе суулгах мэс засал, чөмөгт ясны хугаралыг ясны хөндийгөөр хадаж, түгжих мэс заслыг амжилттай нэвтрүүлж эмчилгээ үйлчилгээний чанарт дэвшилт гаргажээ. Харин эмч Б.Мөнхбат амаржих эхийг нуруу нугасны мэдээ алдуулалтаар өвдөлтгүй төрүүлэх боломжийг нээж хэрэгжүүлсэн байна. Мөн цөсний хүүдий авах мэс заслын үед нугасны мэдээ алдуулалтыг хэрэглэн олон арван хүмүүсийг өвчин шаналалаас ангижруулжээ.
Эрдэм мэдлэгтэй, олон хүнд ач тусаа үзүүлсэн алтан гартай эмч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын өргөмжлөл, нэг сая төгрөгийг өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.
Д.ОЮУН