Цацраг идэвхит бодисын шинжилгээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Цацраг идэвхит бодисын шинжилгээ хийж байна

Японы Фукушима мужийн дунд сургуулиудад цөмийн цацраг идэвхит бодисын шинжилгээ хийж байна. Цөмийн шинжээчид хоёр өдрийн турш 1,400 сургууль, цэцэрлэгт цацраг идэвхит бодисын шинжилгээ хийх аж. Цөмийн станц дэлбэрсэн газраас 30 км зайд байгаа тохиолдолд айх аюулгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.   Эцэг эхчүүд Фукушима мужийн захиргааны гадаа дугаарлан зогсч, санаа зовж байгаагаа илэрхийлсэн тул ийм арга хэмжээ авах болсноо  Гамшгийн яаралтай тусламжийн төвийн Хироюки Аратаке ярьжээ.

Дэлбэрсэн цөмийн станцад ажиллаж буй ажилтнууд цацраг идэвхит бодистой бохир усыг далайд асгаж, тус бүс дэх цацраг идэвхийн хэмжээг бууруулахыг хичээж байгаа юм. Газар хөдлөлт цөмийн станцын хөргүүрийн системийг сүйтгэсний дараа реакторын түлшний электродыг хөргөхийн тулд ус шахаж байсан юм. Харин одоо цацраг идэвхит бодистой бохир усыг яах вэ гэдэг асуудал урган гарч байгаа аж. Цацраг идэвхит бодис шингэсэн усыг далайд асгах ажил өнгөрсөн даваа гаригт эхэлсэн бөгөөд 11.500 тонн бохир ус асгах аж.

Фукушимагийн цөмийн станцын реакторуудын одоогийн байдал:

-Реактор 1: Хөргүүрийн систем ажиллахаа больсноос үндсэн ажиллагаа нь зогссон. Хийн дэлбэрэлтээр байр нь сүйдсэн. Реакторын ёроол, гадна талд асгарсан уснаас цацраг идэвхит бодис  бага хэмжээгээр илэрсэн.

-Реактор 2: Хөргүүрийн систем ажиллахаа больсноос ажиллагаа нь зогссон. Хийн дэлбэрэлт байрыг сүйтгэсэн. Реакторын дотор тал, дамжуулах сувгийн уснаас их хэмжээний цацраг идэвхит бодис илэрсэн. Цөмийн тогоо цуурсан.

-Реактор 3: Хөргүүрийн систем ажиллахаа больсноос ажиллагаа нь зогссон. Хийн дэлбэрэлтээс байр нь сүйдсэн. Цөмийн эрчим хүч алдагдаж болзошгүй. Түлшний савыг хөргөхийн тулд дахин дахин усаар дүүргэж байгаа. Реакторын ёроол дахь уснаас бага хэмжээний  цацраг идэвхит бодис илэрсэн.

-Реактор 4: Газар хөдлөлтөөс өмнө унтраасан. Түлшний саванд гал гарч, дэлбэрсний улмаас усаар дүүргэсэн.
   
-Реактор 5, 6: Унтраасан реакторууд. Түлшний шатсан савнуудын температур буурч байгаа.

Цацраг идэвхит бодисын тархалтыг зогсоохын тулд бохир усыг далайд асгахаас өөр арга байгаагүй.  “Ийм алхам хийсэндээ бид үнэхээр харамсч байна.” гэж Загсийн газрын хэвлэлийн төлөөлөгч Юки Эдано ярьжээ. 

Цацраг идэвхит бодистой усыг асгах нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Хоёрдугаар реактороос цацраг идэвхит бодисын найрлагатай усыг шавхаж гаргасны дараа реакторыг хаягдалд тооцох аж.  Станцын ажилтнууд цөмийн цуурсан тогоог нөхөх гэж янз бүрээр оролдож байгаа боловч олигтой үр дүн гарахгүй байгаа гэнэ.

“Tepco”-гийн шинжээчийн энэ сарын 2-нд хоёрдугаар реакторын сувгийн уснаас авсан дээжинд цацраг идэвхит иодын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс 7.5 сая дахин их байжээ. Харин 4-нд далайн эргээс хэдэн зуун метрийн гүний уснаас дээж авахад бохирдлын хэмжээ зөвшөөрсөн хэмжээнээс 100 мянга дахин их байгаа тухай Associated Press агентлаг мэдээлжээ.  Япон цацраг идэвхит бодисын бохирдлыг арилгах шумбагч хөлөг илгээхийг ОХУ-аас хүссэн аж. “Suzuran” хэмээх уг шумбагч нь цацраг идэвхит  шингэнийг тээвэрлэх зориулалттай гэнэ. ОХУ  дээрх хүсэлтийг авч үзэхээ илэрхийлсэн юм.

Цацраг идэвхийн нөхөн олговор

Цацраг идэвхийн тархалтаас үүдэн иргэд далайн гаралтай хүнснээс сэжиглэх болсон аж. Фукушима, Ибаракигийн эргээс барьсан загаснаас цацраг идэвхит иод их хэмжээгээр илэрсэн тухай Киодо агентлаг мэдээлсэн байна. Нэг кг далайн гаралтай бүтээгдэхүүн дэх цацраг идэвхит бодисын хэмжээ 4,080 беккерель байгаа нь тогтоогджээ. Хүнсний ногоон дахь цацраг идэвхит бодисын зөвшөөрөгдсөн хэмжээ 2000 беккерель гэж шинжээчид үзэж байна.  Гэвч загасны цацраг идэвхит бодисын зөвшөөрөгдсөн хэмжээ гэж байдаггүй аж. “Tepco” дэлбэрсэн цөмийн станцын ойролцоо ажиллаж амьдардаг оршин суугч, фермерүүдэд энэ сарыг дуустал нөхөн олговор олгох аж. Тус бүс нутгийн фермерүүдийн үйл ажиллагааг хориглож, 80 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх болжээ. Мягмар гаригт “Tepco”-гийн хувьцаа 362 иен болж буурсан байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсээс түр хоргодох байранд 161,000 орчим хүн нүүж ирсэн гэж албаныхан мэдээлжээ. Өнгөрсөн сарын 11-нд болсон газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 12,344-д хүрч, 15,000 хүн сураггүй алга болсон байна.  Тэдгээр хохирогчий  80 хувийг нь гэр бүл, ах дүү, төрөл садан нь таньж тогтоосон аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж