“Интер” талбайдаа бут ниргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

“Интер” талбайдаа бут ниргүүлэв

Испанийн домог болсон довтлогч Раул Гонзалез Аваргуудын лигт 70 дахь гоолоо оруулж, Германы “Шальке 04” клуб 5:2 харьцаатай “Интер Милан”-ыг Сан Сиро цэнгэлдэхэд нь бут ниргэснээр Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтдоо ялалт байгууллаа. Дэндүү ер бусын гэмээр энэ тоглолтын ердөө 27 дахь секундэд “Интер” тоглолтын тэргүүллийг гартаа авсан. “Интер”-ийн довтолгоог зогсоохоор Мануэль Нойер хаалганаас холдож, бөмбөгийг мөргөсөн боловч ойсон бөмбөгийг Деян Станкович хүлээн авч, талбайн голоос шууд хаалга руу цохин тоглолтын эхний гоолыг оруулсан. Гэсэн хэдий ч Бундеслигийн баг 17 дахь минутад тооны харьцааг тэнцүүлсэн юм. Энэ удаад булангаас ирсэн бөмбөгийг Жоэл Матип хаалганд оруулжээ. Тоглолтын 34 дахь минутад “Хөх харууд” дахин тэргүүлж эхэлсэн. Өнгөрсөн жилийн финалд “Баейрн Мюнхен”-г хожиход гол баатраар тодорч байсан туршлагатай тоглогч Диего Милито гоолын эзэн нь байсан юм. Гэхдээ тэдний давамгайлал тийм ч удаан үргэлжлээгүй. Гоолоос хойш ердөө зургаан минутын дараа Эду тооны харьцааг тэнцүүлсэн. Улмаар завсарлагаанаас хойш найман минутын дараа “Шальке”-д давуу байдал авчирсан гоолыг Раул оруулжээ. Энэ нь түүний хувьд Аваргуудын лигт оруулсан 70 дахь гоол нь байлаа. Тооны харьцаа 3:2 болоод байх үед “Интер”-ийн төвийн хамгаалагч Андреа Раноккья өөрийнхөө хаалганд гоол оруулж, багаа хүнд байдал оруулсан. Гэтэл 62 дахь минутад Кристиан Киву улаан картны эзэн болж, талбайг орхисноор “Интер”-ийн хувь заяа шийдэгдсэн гэж болно. “Шальке” улам зоригтой довтолж, тоглолтын 75 дахь минутад Эду дубль хийснээр тоглолт өндөрлөсөн юм.

Айлын талбайд таван гоол оруулсан “Шальке 04” талбайдаа хийх хариу тоглолтын өмнө том давуу байдлыг бий болгож чадлаа.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж