Гишүүдийн ирцийн мэдээг будилуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Гишүүдийн ирцийн мэдээг будилуулжээ

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаад 10 гаруй хонож байна. Чуулганы завсарлагаар эрхэм гишүүд хаана, ямар ажил амжуулж яваа болон гишүдийн ирцийн талаар  УИХ-ын Тамгын газрын Чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албаны дарга Ж.Чимгээгээс тодрууллаа. 

-Намрын ээлжит чуулган завсарлаад нэлээд хэд хонолоо. Гишүүд хаагуур ажиллаж байгаа бол?

-Өнөөдрийн байдлаар УИХ-ын 19 гишүүн тойргийн иргэд сонгогчидтойгоо уулзах, УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэрийг сурталчлах ажлаар хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байна. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд орсон болон бусад орны хууль тогтоох байгууллагын туршлага судлахаар есөн гишүүн гадаадад ажиллаж байгаа. Хэд хэдэн гишүүн өвчтэй, бусад гишүүд УИХ-аас байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэгт орж эндээ ажиллаж байна.

-Ээлжит чуулган завсарласны дараа гишүүдийн ирцийн мэдээг нэгтгэн гаргадаг. Хуралдааныг олон цагаар тасалсан гишүүд ямар шалтгаантай байдаг вэ?

-Манай албанаас хариуцаж УИХ-ын гишүүдийн ирцийн нэгдсэн мэдээг гаргадаг юм. УИХ-ын гишүүдэд ч гэсэн өвдөх, ар гэрт нь гачигдал гарах гэх мэт асуудал гардаг. Ц.Дашдорж гишүүн хуралд удаан суугаагүй гишүүн й нэгд орж байгаа.  Түүний хувьд өнгөрсөн намрын чуулганы хугацаанд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатайн улмаас хуралдаанд суусан цаг нь бага гарсан.

Мөн хамгийн олон цагаар хуралдаанаа тасалсан гишүүний нэг мэтээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын ирц гарсан байгаа. Техникийн алдаанаас болж өөр гишүүнтэй Ц.Мөнх-Оргил гишүүний ирцийн мэдээ андуурагдсан байсан. Тиймээс эрхэм гишүүнээс болон иргэд, тойргийн сонгогчдоос нь хүлцэл өчиж байна. УИХ-ын хуралдааны үйл ажиллагаанд Ц.Мөнх-Оргил гишүүн байнга идэвх, санаачлагатай оролцдогийг манай иргэд, сонгогчид сайн мэдэх байх. Намрын ээлжит чуулганы хугацаанд тэрбээр Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнтэй холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулсан 29 хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсний зэрэгцээ Нотариатын тухай хуулийн төсөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахлан ажилласныг хэлэх хэрэгтэй. 

Мөн  олон цагаар хуралдаанаа тасалсан гэгдэж байгаа зарим гишүүний тухайд УИХ-ын гишүүнээс гадна Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаатай холбоотойгоор  хуралдаанд  оролцох боломжгүй тохиолдлууд гардгийг сонгогчид зөвөөр ойлгож, хүлээж авахыг хүсч байна.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж