М.Каддафийг санхүүжүүлэгч нь АНУ байжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

М.Каддафийг санхүүжүүлэгч нь АНУ байжээ

Ливид үймээн гарлаа. Тэгэхээр нь “Өө, энэ чинь М.Каддафид дарлуулсан Ливийн ард түмний тэмцэл байна” гэж бодов. Б.Обама тэргүүтэн Ливи рүү агаарын цохилт өгч, босогчдыг дэмж­лээ. Тэгэхээр нь “Аан, тэд энгийн номхон ард иргэдийг хамгаалж байгаа байх нь” гэж дүгнэв. Гэтэл Б.Обама Ливийн газрын тосонд шунаж байна гэх яриа гарлаа. Тэгэхээр нь “Арай ч үгүй байлгүй дээ” гэж толгой сэгсрэв. Дараа нь америкчууд М.Каддафийн Засгийн газрыг санхүүжүүлсэн гэх мэдээлэл тархлаа. Уг нь тэд босогчдын талд байгаагүй билүү. Ер нь нэг л биш болоод явчихлаа шүү.

АНУ-ын санхүүгийн зохи­цуулагчид өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн сангаас хямралын үед зээл авсан банкуудын нэрийг олон нийтэд зарласан юм. Энэхүү мэдээлэлд дурьдсанаар “Citigroup” 50 тэрбум ам.долларын зээл авсан бол “Голдман Сакс” бүр таван удаа зээл олголтод хамрагджээ. Жулиан Ассанж хамаг булхайг нь дэлгэнэ хэмээн сүрдүүлж байсан “Bank of America” АНУ-ын төв банкны хамгийн том зээлдэгч нь байж таарав. Энэ мэтчилэн “хэрэгтэн” банкуудын нэрс дурайсаар. Гэхдээ тэр дунд нэг сонирхолтой нэр орсон нь Ливийн төв банк юм.

М.Каддафийн Засгийн га­зар төв банкаараа дам­жуулан Холбооны нөө­цийн сангаас 35 тэрбум ам.долларын зээл богино хугацаатай, бага хүүтэй авчээ. Зээл өгөх явц нь “Lehman Brothers” хөрөнгө оруулалтын банк дампуурсны дараах 18 сарын турш үргэлжилсэн байна. Моргейжийн зээлээс үүдэлтэй санхүүгийн хямрал чу­хам “Lehman Brothers”-ын уналтаар л эхэлсэн юм. Тэгэхээр санхүүгийн зах зээл жинхэнэ утгаараа доройт­чихоод байх үед ч М.Каддафи америкчуудын дэмжлэгийг авч байжээ. Сонирхолтой биш үү. Ли­вийн төв банкны хувьд “ABС” санхүүгийн пүүсийн Нью-Йорк дахь салбараар дамжуулан зээлээ авсан бай­на. Үүнээс өмнө “AВС”-ийн 29 хувийг Ливийн Засгийн газар эзэмшиж байсан бол зээл авсны дараа 59 хувийг нь мэдэлдээ оруулжээ.

Ерөнхийдөө Холбооны нөө­цийн сан Ливийн Засгийн газарт дэмж­лэг үзүүлэх гол хүч нь болжээ. Энэ талаар “Bloomberg”, “Fox News” мэдээлсний дараа Холбооны нөө­цийн сангийн төлөөлөгчид албан ёсоор хариу мэдэгдэл хийсэн бай­на. Тэд Ливийн төв банк зээлээ эргүүлэн төлсөн гэжээ. Тэгээд “Хоёр орны харилцаа сайн байх үед энэ зээлийг олгосон. АНУ-ын эрх баригчид Ливийг бөмбөгдөж байгаа өнөөдөртэй тэр үеийг харьцуулж болохгүй” гэсэн байх юм. Ямартай ч Б.Обама М.Кад­дафиг албан тушаалаасаа огцрох хэрэгтэй гэж үзсэн тэр цагаас буюу өнгөрсөн сараас эхлэн АНУ дахь Ливийн Засгийн газрын бүх хө­рөнгийг царцааж, “ABC”-ийн үйл ажиллагааг нь зогсоохоор ша­хаж. Гэхдээ энэхүү санхүүгийн бай­гууллага нь Ойрхи Дорнодыг Америк тивтэй холбодог ганц байгууллага учир ор тас устга­чи­хаж болоогүй аж. АНУ-ын Зас­гийн газар М.Каддафийн засаг захир­гаатай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Гэвч “АВС” банк дахь М.Каддафийн зарим данс хаагдаагүй хэвээр бай­на. Асуултууд чухам эндээс л урган гарч ирэв.

Агаарын довтолгоон хийсний дараа Барак Обама камерын өмнө зогсч америкчуудад хандан “Энэ бол стратегийн зорилготой ажил. Газ­рын тостой ямар ч хамаагүй” гэсэн юм. Түүнийхээр бол газрын тосны төлөөх дайн зөвхөн Жорж Бушийн ажил байж. Тэгвэл Б.Оба­ма­гийн онцлоод байгаа стратегийн зорилго нь Ливийн эдийн засагт хяналтаа тогтоох гэсэн арга уу гэх асуулт гарч ирнэ. Холбооны нөөцийн сан Ливийн төв банкинд маш бага хүүтэй их хэмжээний зээл өгсөн. Тэгмэгц нь М.Каддафийн Засгийн газар төв банкаараа дамжуулж “ABC”-ийн хувьцааг худалдан авчээ. Энэ үед НҮБ-аас Ливид хо­риг тавив. Энэ нь Ливийн шинэ төв банкны тэргүүнүүд мөдхөн тод­рох гэж байгаатай давхацсан нь тохиолдлын хэрэг биш бололтой. Одоогоор хэн ч Ливийн хуучин төв банк­ны царцсан хөрөнгө хаашаа очихыг мэдэхгүй байна. Шинэ банк нь авах уу, Холбооны нөөцийн сангийн мэдэлд орох уу.

Өнөөдөр АНУ-ын эрх баригчид Ливийн босогчдыг дэмжиж, энэ байр суурин дээрээ хатуу зогсохоо мэдэгдсэн. Өмнө нь 1969 онд М.Каддафи төрийн эргэлт хийж, Ливийн эзэн хааныг ширээнээс нь унагах үед америкчууд, тэр дундаа Холбооны нөөцийн сангийн сан­хүү­жилтийг авсан хэмээн за­рим шинжээч дүгнэдэг. Харин Хол­бооны нөөцийн сан гэдэг нь дэлхийн газрын тосны нөөцийг бү­хэлд нь эзэмшихийг хүссэн Рот­шильдийн гэр бүлийн мэдэлд байдаг гэх таамаг бий.

Зарим шинжээчийн онцолж бай­гаагаар Холбооны нөөцийн сан бол АНУ-ын Засгийн газрын бай­гууллага огт биш юм. Холбооны нөөцийн сан хэрхэн байгуулагдсан түүх нь нэлээд сонирхол татдаг. Тэр­тээх 1806 онд Наполеон Германд нэвтрэн орох үед Германы засаг ноён Вильгельмийн хөрөнгийг санамсаргүйгээр хамгаалах шаард­лагатай болсон нэгэн еврейн түүх бий. Тэрбээр Ротшильд гэ­сэн овогтой байжээ. Тэр үеэс хязгааргүй ихээр хөрөнгөжсөн Рот­шильдийн удмынхан өнөөдөр дэл­хийн баялгийг дангаараа эзэм­шиж, чухамдаа санхүүгийн зах зээлийг атгадаг гэх таамаг бий. Анх XIX зууны 60-аад онд Ротшильдийн гэр бүл АНУ-ын төв бан­кийг худалдан авахыг оролдож байж. Гэвч тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч А.Линколин үүнийг нь зогсоож, 1863 онд Үндэсний банкны тухай хууль гаргажээ. Хожим тэрбээр улс төрийн аллагын золиос болсныг түүх харуулдаг. Харин Ротшильдийнхэн Америк тив дэх нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд чамгүй оролдсоны эцэст 1913 онд Холбооны нөөцийн сан­гийн тухай хуулийг баталж, 1914 оны аравдугаар сард анх үүс­гэн байгуулсан байна. Энэ үеэс Хол­бооны нөөцийн сан АНУ-ын Зас­гийн газрын төрийн санг төлөөлж, арилжааны банкуудын нөөцийн данс тооцоог хадгалж, түү­нийхээ дагуу зээл олгодог болж. Өөрөөр хэлбэл, Америкийн бүх цаасан мөнгийг хянадаг гэсэн үг юм. Хол­бооны нөөцийн сангийн Зөв­лөлийн гишүүд нь бүгд ямар нэг хэмжээгээр Ротшильдийн удмын­хантай холбогддог гэх таамаг бий. Газрын тосны нөөц ховордож бай­гаа энэ үед энэ гэр бүл дэлхийн нефтийн нөөцийг эзэмшихийн төлөө өөрсдийн хүчээ харамгүй зо­риулж байгаагийн нэг илрэл нь Ли­вийн үймээн гэж ч дүгнэж болохоор байна. Ингэхдээ мөн л бодлоготой хөдөлж, төв банкаар нь дамжуулж эдийн засагт нөлөөлж, эцэст нь өнөөх төв банкийг нь самраад хаячихад Ливи өөрөө аманд ороод ирэх­гүй яах вэ дээ гэж тооцсон бололтой.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж