Холливуудын өсөх ирээдүйтэй
залуу жүжигчдийн дундаас өөрийн өвөрмөц төрх, жүжиглэлтээрээ эрс ялгаран гарч ирсэн
жүжигчин Бэн Фостерыг танилцуулья.
1980 оны аравдугаар сарын
29-нд Массачусеттс мужийн Бостон хотноо Стивен Фостерын ууган хүү болон мэндэлсэн
жүжигчин Бэн Фостер нь 1996 оноос эхлэн кино урлагт хөл тавьсан аж. 1996-1997 онд
хойд америк даяар өсвөр насны залуусын үзэх дуртай телевизийн олон ангит
"Flash forward" киноны гол дүрээр олны танил болж эхэлсэн Фостерыг телевизийн
цувралын найруулагчид кинондоо тоглуулахаар ихээр санал тавих болжээ. Ингээд
1999 он хүртэл Бэн Фостер нэлээд олон цувралын гол дүрээр америкийн үзэгчдийн танил
нэгэн болсон байлаа. Харин 1999 онд Холливуудын зүгээс түүнд анхны санал ирсэн нь
найруулагч Барри Левинсоны "Liberty Heights" киноны гол дүр байв. Энэ
кинонд тэрбээр ирээдүйн Оскарын шагналт жүжигчин Адриан Бродитай хамтран тоглосон
юм. Ийнхүү Холливуудад хөл тавьсан Бэн анхныхаа давааг тун амжилттай давснаар жинхэнэ
утгаараа од болж эхэлсэн юм. Гэсэн ч тэрбээр телевизийн цувралаасаа холдоогүй л
байлаа.
2001 онд "Get
over it" кинонд Кирстен Дансттай гол дүрд нь тоглосон ба энэ үеэс тэр хоёрын
хайрын түүх эхэлжээ. Бэн Фостер Жон Фостер хэмээх нэг дүүтэй ба тэр дүү нь бас л
жүжигчин.
Ах дүү хоёр 10-аад дэлгэцийн бүтээлд хамтран тоглосон. Бэн 2001-2003 онд
олны сайн мэдэх "Black hawk down", "Big trouble",
"Northfork" гэх мэт Холливуудын кинонд туслах дүрүүд бүтээж байсан. Харин
2003 онд "11:14" хэмээх драм, триллер жанрын кинонд Хилари Сванк, Патрик
Суэйзи нартай гол дүрд нь тоглосон ба энд л түүний өсвөр насны сэргэлэн жаалын төрх
гээгдэж өвөрмөц төрх, өвөрмөц дуу хоолой бүхий дахин давтагдашгүй нэгэн жүжигчин
Холливуудад байгааг хүмүүст илтгэн харуулж чадсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Энэ
үеэс түүний сайн талын туслах дүр өөрчлөгдөж эсрэг дүрийн туслах дүрүүдээр урын
сан нь баяжиж олон алдартай жүжигчидтэй мөр зэрэгцэн тоглох болжээ. 2007 онд Рассел
Кроу, Кристиан Бэйл нартай найруулагч Жэймс Манголдын бэстселлер "3:10 to
Yuma" кинонд тоглож, хүйтэн цуст алуурчин Чарлигийн дүрийг үзэгчдийн сэтгэлд
хүртэл амилуулж чадсанаар Бэн Фостерын кино урлагт өөрийн гэсэн орон зайг жинхэнэ
төгс утгаар нь байгуулж чадсан юм.
Харин 2009 онд нэрт жүжигчин
Вуди Харельсонтой хоршин найруулагч Орен Моверманы "The messenger" кинонд
амь үрэгдсэн цэргүүдийн гэрт эмгэнэлийн мэдээг хүргэдэг тусгай албан хаагчийн дүрийг
бүтээсэн нь кино шүүмжлэгчид болон үзэгчдийн зүгээс өндөр үнэлэлт авсан юм. Өөрийн
биеэр дайны хүнд хэцүүг амсаж мэдэрсэн дэслэгч Вилл Монтгомерийн сэтгэлийн илэрхийллийг
гайхалтай өвөрмөцөөр ил гаргаж чадсан ба гэр бүлийнх нь нэг гишүүн энэ хорвоогоос
нэгэнт байхгүй болсон гэдэг аймшигт мэдээг төрийн нэрийн өмнөөс өөрийн биеэр очиж
эмгэнэл илэрхийлэн мэдэгдэх ажил үүрэг хэчнээн хүнд хэцүү болохыг анх удаа дэлгэцээр
дамжуулан Бэн Фостер ард түмэнд мэдрүүлж чадсан хэмээн мэргэжилтнүүд түүнийг амаа
олохгүй хэвлэлүүдээр магтаж байлаа. Энэ дүр нь түүнд олон улсын нэр хүндтэй кино
наадмуудаас олон шагнал авчирч өгсөн. Одоогоор Бэн Фостер хэмээх ирээдүйтэй жүжигчний
хувьд дэслэгч Монтгомерийн дүр нь хамгийн их алдар нэрийг авчирсан том амжилт нь
хэмээн хэлцдэг. Түүнээс хойш хэд хэдэн кинонд тоглосон ч төдийлөн олны сэтгэлд хүрч
амжихгүй л яваа. Гэсэн хэдий ч түүнийг олон олон гайхалтай дүрүүд бүтээж үзэгч цэнүүдээ
баярлуулах ирээдүйтэй авьяаслаг жүжигчин басхүү даруухан од хэмээдэг. Энэ онд тэрбээр
Жэйсон Стэтхамын хамтаар "The mechanic" хэмээх кинонд тоглож дэлгэцнээ
гаргаад амжсан. Мөн "Rampart" хэмээх кино нь удахгүй нээлтээ хийнэ. Харин
2012 онд түүний уран бүтээлийн олз омог нилээн арвин байх бололтой. Одоогоор Бэн
Фостерын зүгээс мэдэгдсэнээр 2012 онд нээлтээ хийх гурван ч киноны гол дүрд тоглож
байгаа. Тэдний нэг нь "360" хэмээх алдарт цагаан арьст рэппер Эминемийн
амьдралаас сэдэвлэсэн кино байх аж.
Хувийн амьдралын хувьд
тэрбээр дээр цухас дурьдсанчлан жүжигчин Кирстен Дансстай хэсэг хамтран амьдарсан
бөгөөд 2006 онд "X-men: The last stand
кинонд тоглох үеэрээ жүжигчин Эллен Пэйжтэй янаг амрагийн холбоотой болж
сүй тавьсан юм. Жүжигчин Эллен Пэйжийг манай үзэгчид "Juno" киноны гол
дүрд тоглосон бүсгүй гэдгээр нь сайн таних бизээ. Жүжигчин Жина Роулэндс болон Филипп
Сэймур Хоффманы бүтээсэн дүрүүдэд дуртай Бэн Фостерын үзэх дуртай кино нь
"Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг". Түүний хобби н, юу ч хамаагүй бичих
гэнэ. Харин дуртай өнгө нь ногоон ба пиццаны жинхэнэ фэн. R.E.M хамтлагийн дууг
сонсох дуртай түүний хамгийн сайн анд нь нэрд гараагүй найруулагч, продюссер Дэнни
Мастерсон аж. Сонирхуулахад Бэн Фостер нь еврей гаралтай. Учир нь түүний эцгийн
эмэг эх нь өнгөрсөн зуунд орос оронд гарсан Октябрын хувьсгалаас дүрвэж америкт
цагаачлан ирсэн еврей үндэстэн юм байна. Тиймээс тэр хоёр ч кинондоо еврей залуугийн
дүрийг бүтээж байсан гэнэ.
Н.Наран