Үхэхэд зөвшөөрөл авах хэрэг үү?

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Үхэхэд зөвшөөрөл авах хэрэг үү?

Жагсаал хийх, өлсгөлөн зарлахад хэд хэдэн байгууллагын хаалга татаж, зөвшөөрөл авдаг хууль жур­ам манайд бий. Өнгөрсөн сарын сүүлээр Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд цагдаагийн хоёр алба хаагч өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байгаа гэх мэдээлэл олны анхаарал татав. Харин дээрх мэдээллийг албаны эх сурвалж няц­ааж, “Цагдаагийн хоёр алба хаагч өл­с­гөлөн зарлах өргөдөл, гомдол гар­­гаад 14 хонож байгаа нь үнэн. Гэхдээ тэдэнд зөвшөөрөл олгоогүй” гэх хариулт өгсөн юм. Гайхалтай, өлс­гөлөн зарлахад хүртэл зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм байна.

Өлсгөлөн зарлах гомдол гар­гасан Хан-Уул дүүргийн цагдаа­гийн алба хаагч, дэд ахлагч О.Ням­дэлгэр, К.Монголхүү нарыг 17 нас­тай В-г зодож гэмтээсэн гэх үн­дэс­лэлээр хорьсон. Тэднийг 2009 онд цагдаагийн алба хаагчид иргэн В-г  зодсон гэх хэрэгт холбогдуулан Прокурорын дэргэдэх мөрдөн байц­аах албанаас шалгасан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож  байжээ. Гэвч тэднийг Ганцхудаг дахь Урьдчилан саатуулах төвд хорь­сон хэвээр байгаа юм. Харин цагдаагийн алба хаагчид өөрсдийгөө гэм буруугүй хэмээн эсэр­гүүцэл илэрхийлж, өлсгөлөн зар­лахыг хүссэн ч зөвшөөрлийг нь өгөхгүй 14 хонож буй. Энэ үетэй зэр­эг­цэн Урьдчилан саатуулах байр­анд яллагдагч Г, Б нар хэргийн зүйл­ч­лэлээ зөвшөөрөхгүй өлсгөлөн зарлаад арваад хонож байгаа мэдээ­лэл бас гарсан. Тэгэхээр өлсгөлөн зарлуулахыг зөвшөөрөх эсэх нь Ганц­худагийн удирдлагуудын үзэмж­ээр шийдэх асуудал болж таарав. Хууль, зүй дотоод хэргийн сайд  Хорих ангид өлсгөлөн зарлах тухай журмыг 2009 онд баталжээ. Энэхүү журамд ялтан нь өлсгөлөн зарлах хүсэлт гаргахдаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хам­рагдах ёстой. Хэрэв эрүүл мэндийн байдал нь тэнцвэл өлсгөлөн зарлах зөвшөөрөл олгох журамтай. Ялтны өргөдлийг шийдвэрлэх хуга­цааг дээрх журамд тусгаагүй. Харин хэрэв ялтны эрүүл мэндийн байдал муудах юм бол тэмцэл нь үр дүнд хүрсэн эсэхээс үл хамааран албадан эмчилгээнд оруулахаар тус­гасан аж. Өлсгөлөн зарлахыг нь хориглож, нуун дарагдуулж байсан бусад баримт дэлгэе.

2009 оны зургадугаар сар.ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид 10 гаруй эмэгтэй өлсгөлөн зарласан гэх мэдээ­лэл гарсан юм. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж чадаагүй ялтнууд эсэргүүцэл илэрхийлж өлс­гөлөн зарласан болохыг тэдний ар гэрийнхэн нотолж байв. Гэвч хорих ангийн удирдлагууд  энэхүү мэдээл­лийг няцааж “Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан хоёр ялтантай барьцаж, хоолоо идэхгүй байсан тал бий. Түүнээс биш өлсгөлөн зарласан зүйл байхгүй” гэх тайлбар өгч байв.

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь насаа алд­сан таван хүний ар гэрийнхэн Сүх­баатарын талбайд өлсгөлөн зар­лахаа мэдэгдсэн. Тухайн үед талийгаачдын ар гэрийнхэн өлсгөлөн зарлах тухай мэдэгдэл хүр­гүүлэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Жагсаал цуглааны тухай хуулийн 8.3-т зааснаар  “Гуд­амж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зохион бай­гуулах нь хүний амь нас, эрүүл мэндэд зан­ал­хийлсэн хэрэг” гэсэн тул зөвшөөрөх­гүй гэх хариу ирүүлж байжээ. Харин тэдний тэмцлийг найм хоногийн дараа албадан зог­соож байв.

Жагсаал хийх, өлсгөлөн зарлах замаар эсэргүүцэл илэрхийлэхдээ аль нэг байгууллагын удирдлага, хууль хяналтынхнаас зөвшөөрөл авах ёстой гэдгийг ямар ч гэсэн хууль зүйн үүднээс тайлбарлах зүйл заалт, журам байх нь байна. Гэвч харамсалтай нь, хууль хяналтынхан тэдний өргөдлийг үзэмжээрээ шийд­эж орхино. Хэн нэгний нэр хүнд, ямар нэг байгууллагын эрх ашигт харшлах тэмцэл бол зөв­шөөрөл олгохгүй байхад л хангалттай юм шиг. Үхэхэд хүртэл зөвшөөрөл авах  хэрэгтэй гэж үү…

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж