Тусгаар тогтнолын сэдэвт яруу найргийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын сэдэвт яруу найргийн наадам болно

Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан ирэх зургадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт “Чингүнжав-Тусгаар тогнол-Газар шороо” яруу найргийн наадам зохион байгуулах аж. Энэ талаар Хөвсгөл аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга, “Далай ээж” сонины эрхлэгч, яруу найрагч Б.Сарантуяа, Монголын яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар мэдээлэл хийлээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Хотгойдын ван Чингүнжавын амьдрал тэмцэл, эх орон тусгаар тогтнол, газар шорооны үнэ цэнэ, эх оронч үзэл санааг хүүхэд, залууст мэдрүүлэхийн тулд зохион байгуулж байна гэлээ. Тус яруу найргийн наадамд урьд өмнө нь ном, сонинд оруулаагүй, уралдаан тэмцээнд уншиж байгаагүй шинээр бичсэн гурван шүлгээ dalai_eejgogo.mn цахим хаягаар ирүүлэх ёстой юм байна. Наадамд ирүүлсэн шүлгээс эхний шатанд 30 яруу найрагчдыг Хөвсгөл аймгийн Утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид шалгаруулан, дараагийн шатанд орох эрхийг олгох юм. Яруу найргийн наадмын тэргүүн байранд шалгарсан яруу найрагчид шадар ван Чингүнжавын цом, нэг сая төгрөгийн шагнал олгохоос гадна  удаахь байранд шалгарсан найман яруу найрагчид Хөвсгөл нутгаас төрсөн төр, нийгмийн зүтгэлтэн болоод бичгийн мэргэдийн нэрэмжит өргөмжлөл, тус бүрийг нь нэг сая төгрөгөөр урамшуулах юм байна. Уг наадмыг зохион байгуулагчид эх орон, тусгаар тогтнолыг магтан дуулсан бүх оролцогчдын шүлгээр ном гарган, бүх аймгийн номын сангуудад үнэ төлбөргүй хүргүүлэх юм. Ингэснээр хүүхэд, залуус энэхүү номыг уншснаар эх орноо хайрлах, газар шорооны үнэ цэнийг мэдрэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Энэ онд тус аймгийн Утга зохиолын нэгдлийн 60 жилийн ой давхцаж байгаатай холбогдуулан аймгийн төвд 300 сая төгрөгөөр Чингүнжавын хүрэл хөшөөг босгох ажлыг өрнүүлж байгаа аж.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж