Компаниуд цахилгааныг өрхийн үнээр авч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Компаниуд цахилгааныг өрхийн үнээр авч байна

Дэлхийн хэмжээнд эрчим хүч­ний хэрэглээ жил ирэх тусам өсөх боллоо. Манай улсын хувьд ч  энэ үзүүлэлт нэмэгдэж байна. Ялангуяа уул уурхайн компаниуд олширч бусад үйлдвэрлэл ч эрчимжиж буй энэ жилүүдэд Монголын цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх нь зүйн хэрэг л дээ. Монгол Улс нийт хэрэглээний эрчим хүчнийхээ 95,1 хувийг дотоод эх үүсвэрээс, 4,9 хувийг ОХУ-аас импортолдог. Статистикийн мэдээллээс харахад өнгөрсөн жил цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчид хүчин чадлаа бараг 100 хувь дайчлан ажилласан байна.

Иргэдийн төлбөрийн чадвар сул байгаа учраас төрөөс иргэдийн амьдрах нөхцлийг хөнгөвчлөх зо­рил­гоор эрчим хүчний хэрэглээ­ний үнийг хямдруулж квт-ийг  нь 79.80 төгрөгөөр тооцож байгаа. Уг нь үйлдвэрлэлээс хэрэглэгчдэд хүрэх ёстой бодит үнэ квт нь 115 төгрөг байх ёстой аж. Иргэдийн амьжиргаанд нэмэртэй гэсэн энэхүү шийдвэрийн нөгөө талд үйлдвэрлэгч компаниуд алдагдал хүлээсээр… 2010 онд гэхэд л эрчим хүчний салбар 45 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Эдийн засгийн өсөлт хурдаа авч буй энэ цаг үед суурь үнэ болсон эрчим хүчний үнэ “уяастай” байгаа нь араасаа багагүй үр дагавар даллаж байна.

Хэрэглэгчдийн эрх ашгийн үүд­нээс эрчим хүчний үнийг өөрийнх нь өртгөөс хямдаар борлуулж байгааг яая гэхэв дээ гээд өнгөрөөж болох юм. Гэтэл энэ хөнгөлөлтийг уул уурхайн компаниуд ч эдэлдэг байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан мэдээгээр 404 мянга гаруй цахилгаан эрчим хүч хэрэглэгч байгаагийн 4011 нь үйлдвэр, аж ахуйн нэгж. Өнгөц харахад эрчим хүч хэрэглэгчдийн ердөө 10 хувь нь мэт боловч тэд нийт үйлдвэрлэсэн эрчим хүчний 50 хувийг “залгидаг”. Тэгэхээр эр­чим хүчний алдагдлын 45 тэрбумын талыг нь бизнесийн бай­гууллагууд “сорж” байна гэж хэлж болох. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог гадаа­дын аж ахуйн нэгжүүд үүнд баг­таж буй гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Төрөөс үзүүлж буй эр­чим хүчний хөнгөлөлттэй үнэ иргэддээ нэмэр болохын зэрэг­цээ өндөр ашигтай аж ахуйн нэгжүүдэд завшаантай хэрэг болж байна. Тэгэхээр эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулж, бизнесийн байгууллагад бодит үнээр нь хүргэдэг болбол яасан юм бэ гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Цахилгаан эрчим хүчний үнэ өсөхийн хэрээр өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өснө гэсэн айдас манайханд бий. Энэ талаар мэргэжилтний үгийг сонсоход,

-Уг нь эрчим хүчний төл­бөр айл өрхийн төсөв, байгуул­лагуудын нийт зардалд тийм их хувь эзэлдэггүй. Дундаж хэрэг­лээтэй орон сууцны өрх сарын цахилгааны төлбөртөө 16500 төг­рөг, өвлийн улиралд гурван өрөө байранд оршин суудаг айл халаалтанд 16400 төгрөг төлж байна. Дундаж орлоготой өрх сард орлогынхоо 6,8 хувийг л хүний хамгийн чухал хэрэгцээ болох халаалт, халуун ус, цахилгааны төлбөртөө төлж байгаа шүү дээ. Өргөн хэрэглээний бараа үйлд­вэрлэдэг компаниудын ху­вьд нийт зардлын дунджаар 10  орчим хувийг л /зарим хүнсний үйлдвэрт 4-5 хувь/ эрчим хүчний зардал эзэлдэг. Эрчим хүчний үнэ 10 хувь нэмэгдэхэд нийт зардал нэг орчим хувь өснө. Жишээлбэл талхны үйлдвэр нэг ширхэг талхаа 700 төгрөгөөр борлуулдаг гэвэл эрчим хүчний үнэ 10 хувь  өсөхөд бүтээгдэхүүний өртөг нь долоон төгрөгөөр л нэмэгдэнэ. Тэгэхээр үнийг зохиомлоор хөөрөгддөг болохоос биш бодит нөлөөлөл нь тийм ч их биш. Иргэдийн төлбөрийн чадвар дорвитой сайн нэмэгдэхгүй байгаа үед ахуйн хэрэглэгчдийн үнийн ачааллыг аль болох бага байлгаж, харин томоохон компаниуд цахилгаанаа өртгөөр нь хэрэглэх нь шударга болох байх гэж хариулж байна.

Хэрвээ хөнгөлөлттэй та­рифт өөрчлөлт оруулахгүй цаа­шид үргэлжилбэл, эрчим хүч­ний хэрэглээ өсөхийн хэрээр алдагдлын хэмжээ ч мөн нэмэг­дэх нь дамжиггүй. Тиймээс Мэр­гэ­жилтнүүд бүтээгдэхүүнээ экспор­толдог ашигт малтмал олборлогч уул уурхайн компаниудад зо­риул­сан эрчим хүчний тусгай үнийн тариф тогтоож, тэдэнд цахил­гааныг бодит үнээр хүргэх саналыг дэвшүүлж байна.

Гадны хөрөнгө оруулагчид уул уурхайн томоохон төсөлд их хэмжээний хөрөнгө оруулж буй. Цаашид ч хөрөнгө оруулалт нэмэг­дэх нь дамжиггүй. Бас мэдээж чамгүй ашигтай ажиллаж байгаа. Австралийн “Лейтон Ази” гэхэд жилийн 500 орчим сая ам.долларын орлоготой ажилладаг гэнэ лээ. Тэд Тавантолгой ордын Ухаахудагийн хэсэгт “Энержи ресурс”-тэй хамт­ран зургаан жилийн хугацаанд 350 сая австрали долларын өртөгтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Мөн олны саалийн үнээ гэж цоллосон “Эрдэнэт” үйлдвэр тө­сөвт онцгой орлого оруулдаг гэдэг ч эрчим хүчний хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэдэг. Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сайт mininmongolia.mn-ийн мэдээлс­нээр Монголын уул уурхайн сал­барт 1091 ашиглалтын тусгай зөв­­шөөрөл эзэмшигч байгаа. Эд­гээ­рээс 500 орчим аж ахуйн нэгж нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Төрөл тус бүрээр ангилбал, 127 нь алт, 44 нь жонш, 28 нь нүүрс, 224 нь барилгын материалын түүхий эд олборлогчид ажээ. Тэгвэл ашиглалтын тусгай зөв­шөөрөл эзэмшигчдийн 746 нь дотоодын, 198 нь гадаадын хөрөн­гө оруулалтай, үлдсэн нь хамтарсан хөрөнгө оруулалтай байна. Хэрвээ уул уурхайн ком­паниудад цахилгааныг бодит үнээр нь хүргэдэг бол эрчим хүчний алдагдлаас үүсэх төсвийн дарамт буурна.

Дэлхий нийтийн жишгээс хара­хад эрчим хүчний үнэ хам­гийн хямд орны жагсаалтад Мон­гол Улс орж байна. Японд айл өрхийн хэрэглээний эрчим хүч 226,8 төгрөг байхад Өмнөд Солон­гос 122,4 орчим төгрөгийн үнээр хүргэдэг гэнэ. Монгол Улс эр­чим хүч үйлдвэрлэх түүхий эдээр баян учраас цахилгаан эрчим хүч­ний үнэ бусад орныхтой харь­цуулахад хямд өртөгтэй нь юм байна. Харин энэхүү хэтэрхий хямд үнэ нь энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх сонирхолгүй болгож байгаа гэж салбарынхан ярьж байна лээ. Ялангуяа Улаанбаатар хотод шинэ эх үүсвэр барих ажил ид яригдаж байгаа ч эрчим хүчний үнэ тариф хөрөнгө оруулагчдад төдийлөн таа­тай санагдаагүй гэнэ. Тарифыг бо­дит үнээс доогуур тогтоож, хэт хавтгайруулж байгаа нь энэ сал­барт хөрөнгө оруулаад ашиг өгөхгүй тул хөрөнгө оруулагчид тийм ч ашигтай биш байгаа ажээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж