
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх гурван талт хэлэлцээр юу болж байна. Танай холбооноос гарсан санал үр дүнд хүрэхгүй байгаа бололтой, тийм үү?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг өмнө нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэдэг байлаа. Энэ удаад Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран гурван талын хэлэлцээр өрнүүлж байна. Монгол хүний үнэлэмжийг өсгөх, өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх хэлэлцээрт тодорхой ахиц гарахгүй байгаа нь үнэн. Үүнд би Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг буруутгаж байгаа. Яг үнэндээ тус яам сульдаатай бодлого хэрэгжүүлж байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Монгол хүнээ дэмжих, монгол ажилчдыг цалин хөлсөөр урамшуулах асуудалд тун хойрго хандаж байгаад л харамсч байна даа. 2008 оноос өнөөдрийг хүртэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан хэлэлцээрээс зугтаж байна. Нийгмийн асуудлыг хэлэлцээрийн шугамаар шийдэх нь бид бүхний үүрэг. Гэтэл тэд үүрэгт ажлаа хийхгүй байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд хүний төлөө ажиллах хүсэл эрмэлзэл алга.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 мянга болгосон тохиолдолд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл бэрхшээл тулгарах юм биш үү. Нэг хүний цалинг өсгөхийн тулд нөгөө хүний хоолыг нь булааж авах байдалд хүрэхгүй гэх баталгаа байна уу. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ гэхэд ажил олгогчийн хувьд нэг ажилчнаа халахад хүрэх байдалд орж болзошгүй ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх боломж аль аль талд дүүрэн байгаа. Үүнийг л хэрэгжүүлэхгүй хойрго хандаад байгаа болохоос. Монгол хүн Монголын баялаг гэж манай дарга нар ярих дуртай. Тэгвэл энэ баялгаа үнэлж сураач, үнэлэмжийг нь өндөрсгөөч гэж хэлэх гээд байна. Хамгийн гол нь төрөөс бага хэмжээний зохицуулалт хийхэд л шийдэгдэх асуудал шүү дээ. Хүмүүс ядуу байна, ажил хийх дургүй байна гэдэг. Үнэндээ 108 мянган төгрөгөөр өнөөдөр яаж амьдрах билээ. Хоёр жилийн өмнө 2000 төгрөг байсан махны үнэ 5000 төгрөг болчихлоо. Будааны үнэ яаж өсөв. Цахилгааны үнэ жил бүр нэмэгдэж, хүнсний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Гэтэл монгол хүний цалин нэмэгдээгүй, хоёр, гурван жилийн өмнөхөөрөө л байна шүү дээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөөд ажлынхаа хариуцлагыг чангатгах хэрэгтэй. 108 мянган төгрөгийн цалинтай ажилчинтай хариуцлага ярих утгагүй биз дээ. Харин 200 мянган төгрөг авдаг нөхөртэй өөрөөр ярьж болно. Нөгөөтэйгүүр монголчууд үр хүүхэд, хань ижлээ орхиод гадаадад ажиллаж, амьдрахаар тэмүүлж байна. Дуртайдаа тэгж байгаа хэрэг биш юм. Ямар эхнэр хүүхдээ өлсгөөд байлтай нь биш. Хүссэн, хүсээгүй хүний газрыг зорихоос өөр аргагүй байдалд төр өөрөө хүмүүсээ оруулж буйн эсрэг л гаргаж байгаа санал юм даа. Засгийн газарт үүнийг зохицуулах арга олон бий. Бас нэг зүйл байна. Монголд зарагдаж буй барилгын үнэ, Өмнөд Солонгост борлуулж байгаа барилгын үнэтэй яг адилхан. Гэтэл ажилчных нь авч байгаа цалин харьцуулашгүй ялгаатай. Монголын барилгын компанид ажиллаж байгаа нөхрийнх 200 мянга бол Өмнөд Солонгост барилга дээр ажиллаж байгаа монгол иргэн сая гаруй вонноор цалинжиж байна. Яахав, С.Ганбаатар дэмий юмаар хөөцөлдөөд байгаа юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл Монголд ажиллах хүн үлдэхгүй шүү дээ. Монгол хүн үнэлэмж муутай, Монгол Улс хөгжихгүй гэсэн үг. Монгол ажилчид яагаад эх орондоо хамгийн хямдхан бүтээгдэхүүн байх ёстой гэж.
-Хөдөлмөрийн хөлсийг нэмсэн тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн айдас нийгэмд байна?
-Хэн тэгж айлгаад байгаа юм бэ. Тийм асуудалд байхгүй. Өнгөрсөн 2009, 2010 онд цалин өссөн үү, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн үү. Үгүй л шүү дээ. Цалинг нэмээгүй байхад тэгвэл яагаад юмны үнэ өсөөд байгаа юм. Энэ зүгээр л шалтаг. Юмны үнэ өснө гэдэг өөр зүйл. Өргөн хэрэглээний барааны өсөлтийг зохицуулах эрх нь Сангийн яаманд байдаг юм шүү дээ. Тэд ажлаа хийхгүй байна. Хилээр 360 төгрөгөөр оруулж ирж буй будааг 1900 төгрөгөөр зарахыг л үнийн хөөрөгдөл гэдэг юм. Үүнтэй тэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тэмцэх ёстой. Төрийн дунд, доод шатныхан ажлаа муу хийж байгаагийн илрэл. Хөдөлмөрийн хөлсийг нэмсэн тохиолдолд үнийн хөөрөгдөл үүснэ гэсэн тэнэг бодлоо авч хаях хэрэгтэй.
-Монгол хүний үнэлэмжийг яаж өсгөх хэрэгтэй гэж. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ гээд үнэлэмж өсөх үү?
-Монгол хүний үнэлэмжийг өсгөх нэг хөшүүрэг болно. Бид зүгээр сууж байгаад мөнгө авья гэж гуйгаагүй. Зүгээр суусан хүнд мөнгө өгөөч гэж санал гаргаагүй. Хамгийн гол нь бүтээсэн баялгийнхаа үр шимийг хүн шударгаар хүртэх ёстой гэсэн санал гаргаад байгаа юм байна. Монгол хүний үнэлэмж үнэхээр муу байна. Гадаадын нэг нөхөрт хэдэн сая төгрөгийн цалин өгдөг хэрнээ яагаад монгол хүнийхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж болохгүй гэж. Ёстой нөгөө хуваарилалт нь шог байна гэдэг шиг л байгаа биз. Эх орондоо Монголдоо монгол хүн сайн цалин авч, сайхан амьдрах ёстой. Монгол Улсаа хөгжүүлье гэж бодож байгаа бол яах аргагүй монгол хүнийхээ үнэлэмжийг өндөрсгөх шаардлагатай байна. Манай холбоо буруу санал дэвшүүлээгүй гэж би бодож байгаа.
-Энэ жилийг Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Үүний үр дүнг та хэрхэн хүлээн авч байна. Үнэхээр Засгийн газар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж чадах болов уу?
-Би Засгийн газарт нэлээд харшилтай ханддаг хүн. Болж өгвөл шүүмжлэх гээд л. Гэхдээ энэ удаад би Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг үнэлж байгаа. Хэрвээ зам зуурт нь садаа орчихгүй бол үр дүнгээ өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Ерөнхий сайдын зүгээс олон ажил хийхээр төлөвлөж, нэлээд анхаарал тавьж байгааг сайшаах хэрэгтэй. Харин дунд, доод шатныхан Засгийн газрын бодлогыг баллаж магадгүй байна. Засгийн газраас зарлаж буй тендерийн зарцуулалт, хэрэгжилтийг ил тод болгож, хяналтыг нь олон нийтэд өгмөөр байна. Нэг компани модон гүүр тавилаа гэхэд хамгийн түрүүнд ажлын байр бий болгоно гэсэн санал оруулдаг байх хэрэгтэй. Тендерт ялсан компани хэчнээн хүнийг ажлын байртай болгож, хэдий хэрийн цалин олгосон бэ гэдгийг ч тодорхой болгох хэрэгтэй шүү дээ. Хөдөлмөр эрхлэлтийг цогцоор нь дэмжих ёстой гэдэг Ерөнхий сайдын хэлсэн үгийг би дэмжиж байна. Үнэхээр энэ асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол хол явахгүй. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгохын тул ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг урамшуулах асуудлыг зөв гэж бодож байна. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь энэ чиглэлээр ажлаа сайн хийх хэрэгтэй. Ер нь бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд ажил олгогчийг дэмжих, татварын хөнгөлөлт эдлүүлэх, урамшуулах асуудлаас гадна тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн хөлсийг нэмэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарлаа хандуулах нь тус жилийн бас нэг ажлын үнэлэлт болно гэж ойлгож байна.
-УИХ-ын Төсвийн байнгын хороо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтарсан Төсвийн тухай хуулийн төслийн талаарх уулзалт хэлэлцүүлгийн үеэр та нэлээд бухимдалтай байх шиг харагдсан?
-Төрийн албаны төсөв захиран зарцуулалтад олон нийтийн хяналтыг сайжруулах хэрэгтэй. Шинээр боловсруулж байгаа хуульд олон нийт гээд л тусгаад л орхичихвол хэн ч биш гэсэн үг болчихно. Заалт нь бүрэн төгс бус болохоор олон нийт гэдэг чинь өөрөө их марзан үг болчихож байгаа юм. Олон нийт гэж хавтгайруулсан тохиолдолд хяналт тавих, хариуцлага үүрэх хүн байхгүй болж эзэнгүйднэ гэсэн үг. Ингэж марзан заалт оруулж байхаар Ажил олгогч эздийн холбоо хэвлэл мэдээллийн байгууллага, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо зэрэг тодорхой буух эзэнтэй буцах хаягтай хүмүүсээр хяналт тавиулж хариуцлага үүрүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Яг үнэндээ олон нийтийг төрийн албан байгууллагын орлого зарлагын бүх мэдээллээр хангах хэрэгтэй. Бидэнд ийм эрх олгох шаардлагатай байна. Санхүүгийн бүх мэдээллийг үйлдвэрчний байгууллагад өгөөч ээ гэдэг асуудлыг тавьсан. Энэ бүгд олон жил нууц байсан. Үүний балгаар төсвийн байгууллагаас хулгайчид төрсөөр л байна. Төсөв гэдэг хулгайчдыг тэжээдэг зүйл болоод хувирчихлаа шүү дээ.