Цэнхэрмандал суманд гарсан түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Цэнхэрмандал суманд гарсан түймрийг цурманд оруулжээ

Жил бүр гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар дээр, дооргүй ярьдаг ч хаврын хаварт хаа сайгүй түймэр гарсаар байна. Хаврын хуурайшилттай энэ цаг үед ой хээрийн түймэр Хэнтий, Сэлэнгэ, Дорнод гээд хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт гарч, нилээд хэмжээний хохирол учруулаад байгаа. Тухайлбал, энэ сарын 4-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг Хашаат гэдэг газарт, сумын төвөөс 44 км-ын зайд өргөн нь гурван км, урт нь найман км хэмжээтэй ой, хээрийн түймэр  гарчээ. Гал түймрийн байдал ямар байгаа талаар аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Цэнхэрмандал суманд гарсан түймрийг цурманд оруулсан уу?

-Өнөөдрийн /өчигдөр/ 11:00 цагийн орчимд түймрийг цурманд оруулж, бүрэн унтраалаа. Гэхдээ салхи ихтэй байгаа учраас цурамнаас дахиж гал алдахаас болгоомжлон ээлжлэн сахиж байгаа гэж мэдээлсэн. Энэ сарын 4-ны өдрийн 11:40 цагийн орчимд Цэнхэрмандал сумын төвөөс холгүй орших газарт түймэр гарлаа гэсэн мэдээллийг цаг тухайд нь орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн. Орон нутгаас газар дээр нь шуурхай ажиллаж чадсанаар түймрийг газар авахуулалгүй унтрааж чадлаа.

-Уг түймрийн хохирлын хэмжээг тогтоосон уу?

-Яг одоогоор хэлэхэд эрт байна. Гарсан шалтгаан, хохирлын хэмжээг байгаль орчин, мэргэжлийн хяналт, цагдаагын байгууллагын бүрэлдэхүүн шалгаж тогтоох байх.

-Өнгөрсөн сарын сүүлчээр Дадал суманд ой хээрийн түймэр гарч, ой шатсан. Хэдэн га талбайд хичнээн хэмжээний ой шатлаа гэсэн дүгнэлт гарсан байлгүй дээ?

-Холбогдох ажлын хэсгээс тоймтой мэдээлэл ирүүлээгүй байна. Дадалд гарсан түймэрт их хэмжээний ой шатаагүй байх аа.

Дээрх түймрийн мэдээлэл авахаар аймгийн Засаг даргатай холбогдоход бага хэмжээний л түймэр байсан, одоо бараг л унтраачихлаа гэж тоомжиргүй хандаж байв. Харин аймгийн Онцгой байдлын даргатай холбогдох гэсэн боловч чадсангүй. Түймэр гарсан энэ цаг үед салбар хариуцсан хүний хувьд чих тавьж байх цаг үе нь байх ёстой. Ой шатлаа ч эргээд нөхөн сэргэнэ гэдэг хэдий хугацаа шаардах билээ. Нутгийн удирдлагууд эх нутагтаа эзний ёсоор хандах ёстой сон.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж