
Нэрт бүжиг дэглээч Ц.Сэвжид ансан “Цагаан өвгөний бүжиг”, “Буга согоо”, “Баруун Монгол” хүүхдийн багт бүжиг болох “Хүүхэлдэй”, “Хатдын бүжиг”, “Ноёдын бүжиг” гээд олон гайхалтай бүтээлүүдийг дэглэн амилуулсан. Монгол бүжгийн загалмайлсан эцэг гэгддэг эрхэм хүмүүний нэрэмжит мэргэжлийн бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын анхны уралдааныг 1996 онд зохион байгуулж 100 гаруй уран бүтээлч өрсөлдөж байсан бол 2005 онд 150 гаруй уран бүтээлчид оролцож байжээ. Зургаан жил тасалдаад байсан энэхүү уралдааныг Монголын урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ ивээн тэтгэж “Дархан-Их урлаг” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа юм. Цаашид Ц.Сэвжидийн нэрэмжит улсын уралдааныг Дархан-Уул аймаг дөрвөн жил тутамд ивээн тэтгэж явуулж байхаар боллоо.
Үндэснийхээ бахархал болсон бүжгийн урлагаа сэргээн хөгжүүлэх, мэргэжлийн бүжигчдийн урын санг баяжуулах, ахмад үеийнхээ авьяас чадварыг нь үргэлжлүүлэн мөнхжүүлэх зорилготой уралдаанд энэ удаа хүрээгээ тэлэн нийслэл болон орон нутгийн 270 гаруй мэргэжлийн уран бүтээлч авьяас чадвараа сорьж байгаа юм.
Г.Даша