Ц.Мөнхзаяа мөнгөн медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзаяа мөнгөн медалийн төлөө барилдана

Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Шар тивийн 30 орны баг тамирчид тивийн аваргын төлөө өрсөлдөхөөр Абу Дабид цуглаад байна. Монголын тамирчдын тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жинд аваргууд тодорно. Монголын цагаар 14.00 цагаас эхэлсэн хэсгийн барилдаанууд одоо үргэлжилж байна.

Одоогоор Монголын жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Мөнхзаяа мөнгөн медалийн төлөө барилдахаар болоод байна. Тус жинд нийт 14 бөх зодоглож байгаагаас D хэсэгт сугалаа таарсан Ц.Мөнхзаяа эхний тойрогт хийлж, улмаар Казахстаны жүдоч Зарина Алдиковаг цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Одоо манай бөх Хятадын Сью Лилитэй барилдах бөгөөд ялсан тохиолдолд аваргын төлөө, харин ялагдвал Киргизтсан болон БНАСАУ-ын жүдочдын ялсантай нь  хүрэл медалийн төлөө хүч үзэх юм.

Өнөөдөр Азийн аваргын татамид зодоглож буй манай бусад жүдочдын тухайд эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт Пакистаны Зафар Икбалыг цэвэр, дараа нь Ираны жүдоч Мостафа Далирьянг 42 дахь секундэд цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө Йемений бөх Али Хусрофтой барилдахаар болоод байна. Харин 66 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний хоёр тойргийн барилдааныг өнжсөнөөр шууд хэсгийн аваргын төлөө Хятадын бөх Ма Дуанбинтэй барилдахаар болжээ. Мөн 73 кг-ын жинд Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болоод байна. Тэрбээр эхний тойрогт Тайванийн Хуан Чун-таг вазаригаар, дараагийн тойрогт Пакистаны Карамат Баттыг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Японы жүдоч Рики Накаятай барилдахаар болжээ.

Эмэгтэй жүдочдоос 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа нар хэсгийн аваргын төлөө барилдах бол 48 кг-ын жинд М.Уранцэцэг эхний тойргийн барилдаанд Хятадын Сье Шишид вазари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Шинэхэн гавьяат М.Бундмаагийн тухайд Макаогийн тамирчин Вон Чиленг цэвэр ялж, одоо Энэтхэгийн бөх Калпана Деви Тудамтай барилдахаар болсон байна. Харин Д.Сумъяа эхний тойрогт хийлснээр хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын бөх Рим Юнхуйтай хүч үзэхээр болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж