Гадаадад байгаа 134 мянган иргэнийг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Гадаадад байгаа 134 мянган иргэнийг бүртгэнэ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас  иргэний шинэчилсэн бүртгэлийг үндсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулж буй.  Эхний шатыг Монгол Улс орон даяар буюу нийслэл, 21 аймагт амжилттай явуулж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн иргэдийн 95 хувь нь буюу нийт нэг сая 798 мянга 103 иргэн бүртгэлд хамрагджээ. Харин хоёрдугаар шат буюу гадаадын улс оронд ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүртгэх ажлыг өнгөрсөн сарын 23-ны өдрөөс БНСУ-д албан ёсоор эхлүүлсэн байна.  Урьдчилсан байдлаар манай улсын 134 мянган иргэн гадаад улсад амьдарч байгаа гэсэн тоо судалгаа гарчээ. Гадаадад амьдарч байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэлийг хилийн чанадад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газруудаар дамжуулан явуулж, шинэчилсэн бүртгэлийг консулын ажилтан, улсын бүртгэгч хөтөлж байгаа юм. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар 40 улсад байдаг. Харин консулын газар байхгүй улсын хувь тухайн улсын онцлог, иргэдийн төвлөрлийг харгалзан мэдээллийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр ажилтан явуулан бүртгэхээр төлөвлөөд байгаа аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж