Америкчууд ирээдүйдээ итгэх итгэлгүй болж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Америкчууд ирээдүйдээ итгэх итгэлгүй болж байна

АНУ-ын томоохон хөрөнгө оруу­лагч­­дын нэг, эдийн засагч Уоррен Баффет “CNBC” телевизийн сэт­гүүлчтэй ярилцжээ.

-Ливийн үймээнээс болж нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллараас давсан. Үнэ өсөх болсон шалтгаан нь нийлүүлэлт тасалдсантай холбоотой юу?

-Ливи бол дэлхийн газрын тосны хэрэгцээний хоёр хувийг хангадаг улс. Гэхдээ үнэ өсч буй явдал нь нийлүүлэлт тасалдсантай ямар ч холбоогүй. Харин хөрөнгө оруулагчид  “Үймээн цаашид улам газар авч, Ойрхи Дорнодын бусад улсад нөлөөлнө” гэх айдастай байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлж байна.

-Энэ нь АНУ-ын хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлөх бол?

-Газрын тосны зах зээлийн ирээдүй тодорхойгүй болно гэдэг бол том аюул. Гэвч бид цаашид юу болохыг хэлж мэдэхгүй. Энэ бүхэн зөвхөн Ливийн удирдагчийн шийдвэрээс хамаарахгүй шүү дээ. Саудын Арабт ч нөхцөл байдал ээдрээтэй байгаа. Дэлхийд газрын тосны нийлүүлэлтээрээ тэргүүлдэг тус улс хямарчихвал тун хэцүү зүйл болно.

-АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке “QE” хөтөлбөр хэрэгжих хугацаа, ирэх зургадугаар сард дуусна хэмээн мэдэгдсэн. Харин та үүнийг “Нэн даруй эцэслэх хэрэгтэй” гэсэн. Хэрэв тэд шийдвэрээ өөрчлөхгүй бол зах зээлд ямар өөрчлөлт гарах вэ?

-Би богино, дунд, урт гэх мэт ямар ч хугацаатай гаргасан хамаагүй ер нь бондод дургүй. Гэхдээ энэ нэг их чухал биш л дээ. Харин ам.доллараар хөрөнгө оруулахыг хүчээр нэмж, бодлогын хүүг бууруулах замаар зах зээлд нөлөөлөх нь байж боломгүй аймшигтай алдаа юм. Хүмүүс бэлэн мөнгө рүү хошуурч эхэлнэ гэдэг томоохон хөрөнгө оруулалтаас айж байгаагийн шинж. Би санхүүгийн зах зээлд ямар өөрчлөлт гарахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ АНУ-ын төв банкнаас хэрэгжүүлж буй энэ бодлого нь түр зуурын, өвчин намдаах зүйл гэдгийг баттай хэлнэ. Өвчтөнд өвдөлтийг нь түр зуур мартагнуулахын тулд морфин тарьдаг. Харамсалтай нь ингэлээ гээд өвчнийг нь эдгээчихдэггүй биз дээ.

-Холбооны нөөцийн сангийн­хан мөнгөний бодлогыг тэлж байгаагаа АНУ-ын эдийн за­сагт хэрэгтэй гэж үзэж байгаа бололтой?

-Мөнгөний тэлэх бодлого баримтална гэдэг нь  Засгийн газар олж байгаагаасаа илүүг үрнэ гэсэнтэй адил ойлголт. АНУ-ын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэхэд ойрхон байна. АНУ-ын эрх баригчид маш их мөнгө зах зээлд гаргаж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ийм зүйл болж байсангүй. Тиймээс үүнийг “Мөнгөний бодлогоо тэллээ” гэж зүгээр ч нэг хэлж болохгүй. Үүнээс болж АНУ-ын 300 сая иргэн маргааш илүү сайхан амьдарна гэх итгэлгүй болж байна.

-Тэгэхээр бидэнд “QE 2” хөтөлбөр хэрэггүй гэж үү?

-Санхүүгийн хямралын жилүүдэд америкчууд хүнд байдалд орсон. Тэр үед мэдэрсэн цохилт нь одоо ч нөлөөгөө үзүүлж байна. Тэгэхээр ийм эрсдэлтэй алхам хийж болохгүй. Хэдийгээр би Бен Бернанкег хүндэтгэдэг ч түүний энэ шийдвэрийг дэм­жихгүй.

-Одоо АНУ-д үд дунд болж байна. Харин Хятадад дөнгөж өглөө болж байгаа. Үүнтэй адил эдийн зас­гийн  өсөлтйн хувьд аме­рикчуудын нар хэлбийж байхад Хятадад дөнгөж мандаж байна уу даа?

-Хятадын эдийн засаг хур­дацтай өсч бай­гаа. Тус улсын до­тоодын нийт бү­тээг­дэхүүний өсөлт АНУ-ын­хаас ч давсан. Аме­риктай харьцуулахад Хятад ам­жилтын гараагаа нэлээд хожуу эхэл­сэн. Өөрөөр хэл­бэл, АНУ-ын эдийн засгийн бодит өсөлт Хятадынх­тай харьцуулахад маш бага юм. Гэхдээ америкчууд суурь сайтай.

-Ам.долларын үнэ цэнэ унаж байгаа гэж зарим шин­жээч дүгнэх болсон. Тэд ам.доллар дэлхийн нөөц валют байхаа болих нь цаг хугацааны асуудал гэлээ. Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Би санал нэг байна. Ам.долларын хэрэглээ жил ирэх тусам буурна. АНУ бол дэлхийн эдийн засгийн гол тоглогч. Бүхэл бүтэн 25 жилийн турш манлайлагч байсан. Магадгүй цаашид ч тийм байх биз. Гэвч ам.доллар бол өөр. Өнөөгийн нөхцөл байдал дэлхийн хоёрдугаар дайны үеэс тэс ондоо болсон. Энд цэцэн, тэнэгийн тухай огт яриагүй. Хятадын ард түмэн 50 жилийн өмнөхөөсөө ухаантай болсон учир өнөөдөр улсынх нь эдийн засаг сэргэж байна гэж хэлж болохгүй. Тэд зөвхөн илүү их хөдөлмөрлөж эхэлсэн. Алдаанаасаа суралцсан. Үүнд л гол учир нь оршиж байна. Гэлээ гээд америкчуудын амьдралын түвшин бусад орны иргэдтэй харьцуулахад өндөр байгаа. Тиймээс Америкийг олон улс дуурайж байна.

-Та Хятадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Тэнд бизнес эрхлэхэд ямархуу байна вэ. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл газар авч байгаа энэ үед?

-Тэндэхийн нөхцөл байдал АНУ-ынхаас ялгаатай шүү дээ. Хятадын Засгийн газар 2.7 их наяд ам.долларын нөөцтэй. Маш их бэлэн мөнгө төвлөрсөн учраас  Хятад улс бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хөрөнгөө өөрсдөө гаргаж байна. Тэд энэ мөнгийг хэнээс ч  зээлээгүй. Тиймээс энэ бол Хятадын хувьд том боломж. Гэтэл Герман, АНУ, Их Британи, Япон, ер нь хаана ч тэр, улс орнууд бүтээн байгуулалтын ажилд зориулж их хэмжээний хөрөнгө зээлэх шаардлагатай болдог. Үүнээс гадна олон улсын зах зээлд бонд гаргана. Бондын хүү нь цаг тутамд хэлбэлзэж, өөрчлөгдөж байдаг. Гэтэл Хятад тийм биш.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж