
Ази номхон далайн бүсийн Гамшгийн үндэсний төвөөс Монгол Улсад тохиолдож болзошгүй гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Говийн чоно” нэртэй томоохон хэмжээний сургуулилалтын нээлт өнөөдөр болно. Энэ удаагийн сургуулилалтыг Ази номхон далайн бүсийн Гамшгийн үндэсний төв, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, ОБЕГ-аас хамтран зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн ЗДТГ, Онцгой комисс, салбар хариуцсан холбогдох яам, агентлагууд, гамшгаас хамгаалах албад, есөн дүүрэг, холбогдох бүх байгууллага оролцох юм.
“Говийн чоно 3” сургуулилтын эхний үе шат энэ сарын 5-6-нд, хоёрдугаар шат 11-15-нд болох аж. Хүчтэй газар хөдлөлт болсон үед мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ авах, хэрхэн уялдаа холбоотой ажиллах, зарлан мэдээллийг хэрхэн дамжуулах, удирдлагын зүгээс зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах зэргийг энэ удаагийн сургалтаар явуулж, цагийн байдалд үнэлгээ өгч, дадлага хийлгэх юм байна. Харин маргааш нийслэлийн хэмжээнд зарлан мэдээлэх дохиог дамжуулах /дуут дохиог дуугаргана/ тул иргэд, олон нийтийг айж сандрахгүй байхыг анхаарууллаа.
С.Отгон