
“Даваа наймаалцсан” гэх хэрэгт холбогдож, сайн дураар зодог тайлах шийтгэл хүлээсэн сумочдоос макүүчи буюу дээд зиндааны гурван бөх өргөдлөө өгсөн талаар Японы сумогийн холбоо мэдэгдлээ. Фукуокагийн уугуул Котокасуга, Өмнөд Солонгосын бөх Касугао болон Монголын сумоч Моконами Г.Базарсад нар харьяалагдаж буй дэвжээний ояката болон бусад хүмүүсээр дамжуулан Японы сумогийн холбоонд зодог тайлах хүсэлтээ хүргүүлсэн байна. Олон зуун жилийн түүхтэй сумогийн ертөнцийг донсолгосон “даваа наймаалцах” хэргийг Токио болон Васедагийн их сургуулийн профессор Шигеру Итогоор удирдуулсан хөндлөнгийн шинжээчдийн зөвлөл хариуцаж, мөрдөн байцаалт явуулны дүнд 26 сумоч, ояката энэ хэрэгт буруутай гэж үзсэн юм. Улмаар Японы сумогийн холбооноос 23 сумочийг өөрсдийн хүсэлтээр зодог тайлах шийтгэл ногдуулсан билээ. Харин ояката Такэнава болон доод зиндааны бөхчүүд болох Чиёхакухо, Энацүкаса нарын эрхийг хоёр жилээр хассан юм. Гэхдээ Энацүкаса зодог тайлна гэдгээ мэдэгдэж, ояката Такэнава ч мөн түүнтэй адил шийдвэр гаргаснаа зарлаад байна. Харин Чиёхакухо шийтгэл ногдуулахаас өмнө, хоёрдугаар сарын 3-нд хэдийнэ огцрох хүсэлтээ өгснийг нь Японы сумогийн холбоо хүлээн авсан юм.
Шийтгэл хүлээсэн бусад сумочдын хувьд дөрөвдүгээр сарын 5 буюу өнөөдрийн дотор багтаж өргөдлөө гаргах ёстой. Хэрэв тэгээгүй тохиолдолд албан хүчээр сумогийн ертөнцөөс хөөх болно гэдгийг Сумогийн холбоо анхааруулсан билээ.
Сумотой холбоотой өөр нэгэн мэдээлэл хүргэхэд, Японы сумогийн холбооны удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ирэх сард болох зуны башёг хуваарийн дагуу зохион байгуулах, эсвэл цуцлах талаар шийдвэрлэх гэнэ.
С.Цэлмэг