Л.Гантөмөр дуугаа өндөрсгөв

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр дуугаа өндөрсгөв

Ардчилсан намаас Орхон аймагт зохион байгуулсан “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намаас сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр Тавантолгойн ордоос иргэдэд өгөх 536 ширхэг хувьцаанд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж н.Нармандах хэмээх нэлээд хижээл эр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг “Чи ингэж худлаа ярихаа боль. Хүнд өвлүүлж болдоггүй, бэлэглэж, худалдаж ч болдоггүй наад 536 ширхэг цаасаар чинь яах юм, оронд нь сая төгрөгөө өг” хэмээн загнав. УИХ, Засгийн газрын гишүүдийн загнуулах ээлж дуусч, хариулт өгөх цаг ирэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр хамгийн түрүүнд микрофон авч “Нармандах гуай та хувьцаагаа хэдээр зарах гээд байгаа юм, бид хувьцаа өгнө гэснээс биш бэлэн мөнгө амлаагүй шүү” гээд “Тавантолгой, Оюутолгойн ордыг эргэлтэд оруулсан нь зөв гэж үзэж байгаа хүн энэ танхимд байна уу, байвал гараа өргө” гэхэд зааланд байсан хүмүүс тэр аяраа гар өргөв. Тэгээд Л.Гантөмөр гишүүн

-Хэрвээ Тавантолгойн рд ашиглтад ороогүй, олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргаагүй байхад та хувьцаагаа зарах юм бол ерэн оны цэнхэр ягаан тасалбар шиг л болно. Тийм учраас энэ орд эргэлтэд орж, үр ашгаа өгөх хүртэл иргэдийн хувьцааг арилжиж болохгүйгээр хаалт хийсэн юм. Тавантолгойн ордын дөрвөн хувийг “Энержи ресурс” компани авсан. Энэ дөрвөн хувиар дөрвөн их наяд төгрөгийн хөрөнгө босгосон. Тэгвэл үлдсэн 96 хувь нь барагцаагаар 96 их наяд төгрөг болно. Үүний 10 хувийг иргэдэд өгч байна гэдэг дор хаяж 9,6 их наяд төгрөг болно. Үүнийг 2,7 сая хүнд хуваахад нэг хүнд 3,5 сая төгрөг ноогдож байна хэмээн тоо бодов. Мөн энэ үр дүнд хүрэхийн тулд төр засаг нь авлигагүй, дарга нарын шахааны бизнес хийдэггүй, дэлхийн стандартад хүрсэн техник технологитой аж ахуй болгож хөгжүүлэх ёстой гэдгийг ч эрхэм гишүүн онцоллоо.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж