Мажоритар тогтолцоо Ардын намд тус болох уу

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Мажоритар тогтолцоо Ардын намд тус болох уу

Утас дуугарав. Хор­жоон­той үгтэй нэгэн улстөрч “УИХ энэ удаад томсгосон мажоритар тогтолцоог хэ­вээр баталбал 2012 оны долдугаар сарын 1-нд аль намын байрыг шатаах бол” хэмээн асууж байна. “Үгүй ээ, та одоо…”. Ингэж хэлэхийн завдалгүй тэрбээр тас тас хөхөрч, “Монгол Улс мажоритар тогтолцооны дагуу мандан бадраг!” гэв. УИХ-ын ээлжит сонгууль жил гаруйхны дараа эхэлнэ. Харин улстөрчид сонгуулийн шинэ тогтолцооны талаар бооцоо тавих боллоо. Ардын намынхан МАХН хэмээх туган дор нэгдэж явахдаа 26:50 буюу холимог хувилбараар УИХ-ын 2012 оны сонгуулийг явуулах тухай Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг тулгаж байсан нь өнгөрсөн намар. Гэвч МАХН С.Батболд гэдэг даргатай биш, Н.Энхбаяр гэдэг даргатай болохын цагт тэд жолоогоо өөр тийш эргүүлж орхилоо. Жижигсгэсэн мажоритар. Энэ бол Ардын намынхны шинэ сонголт. Ардчилсан намынхны хувьд, олонхийн шийдвэрийг эсэргүүцэх магад­лал өндөр байна. Учир нь тэд пропорциональ тогтолцоог санал болгосон хэвээр байгаа юм. Тус намын зарим гишүүн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэ тухай тусгаж, спикерийн гарт хэдийнэ атгуулсан.

Ардын намынхан УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн олонхиороо түрий барьж баталсан томсгосон мажоритар тогтолцооны ид шидийг үзсэн ч намын байраа шатаалгаж хаширсан. Ардчилсан намынхны хувьд ч ялгаагүй. Тэд тухайн үед холимог хувилбараар сонгууль явуулах талаар МАХН-ынхантай гар барин тохиролцож байсан удаатай. Гэвч эрх баригчид үгнээсээ буцаж, томсгосон мажоритар тогтолцоог санал нэгтэй баталж байсан. Харамсалтай нь тэд лидерүүдийн олон, мөнгөний ихээр Ардчилсан намынхныг туйлдуулах гэсэн биш 2008 оны долдугаар сарын 1-нд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Тухайн үеийн МАХН-ынхан томсгосон мажоритар тогтолцоог “Намуудаас нэр дэвшигчдийн эв нэгдлийг илэрхийлэх хэрэгсэл” хэмээн сайшааж байв. Тиймээс УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр Монгол орныг 76 тойрогт хувааж байснаа өөрчлөн 26 тойрог болгосон. Тэгмэгцээ хөдөө орон нутгийг 20 тойрогт, нийслэлийг зургаан тойрогт хуваасан билээ. Товчхондоо, сонгогчид УИХ-ын сонгуулийн 26 тойрогт хуваагдаж, нэр дэвшигчдийн нэрсийг мандатын тоогоор дугуйлсан юм. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Төв аймагт нэр дэвшигчид дөрвөн мандатын төлөө өрсөлдсөн. Тухайн үеийн МАХН-аас Су.Батболд, Д.Дондог, М.Энхболд, Н.Энхболд нар энэ тойрогт нэр дэвшиж ялалт байгуулж байв. Дорнод аймгийн гурван мандат бүхий тойрогт МАХН-аас Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, Ц.Жанлав нар нэг баг болон өрсөлдсөн ч Д.Одбаяр, Ц.Шинэбаяр нар ялалт байгуулж, Ардчилсан намаас нэр дэвшигч П.Алтангэрэл үлдсэн ганц мандатын эзнээр тодорсон билээ.  

Ардын намынхны хувьд тактикаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Тэдэнд эрх мэдэл, мөнгө, ер олонхи болоход шаардлагатай бүхэн бий. Гэвч тус намынхан УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам гэдэг ганц дайсантай биш, Н.Энхбаяр тэргүүтэй сөргөлдөгч хүчнийхэнтэй халз тулалдах гэж байна. Тиймээс 26:50 буюу холимог тогтолцоогоор сонгууль явуулах саналаасаа буцаж, жижигсгэсэн мажоритар тогтолцоогоор ирэх сонгуулийн өнгө төрхийг төсөөлж эхэллээ. Хэрэв энэхүү хувилбарыг өмнөх шигээ олонхийн хүчээр батлуулж чадвал Төв аймгийн дөрвөн мандат бүхий сонгуулийн тойрог дотроо дөрвөн тойрог болон хуваагдана гэсэн үг. УИХ-ын 2008 оны сонгуульд нэг баг болон нэр дэвшиж явсан С.Батболд, Д.Дондог, М.Энхболд, Н.Энхболд нар өөр, өөр тойрогт тус, тусдаа нэр дэвшиж, өрсөлдөгч талуудтайгаа улаан гараараа үзэлцэх юм.   

Хэдийгээр нэр дэвшигчид нам, намаасаа нэр дэвшдэг ч мажоритар нь хүнийг фон болгодог тогтолцоо. Харин пропорциональ нь намыг фон болгодгоороо онцлогтой. Сонгогчид тухайн намын нэр хүнд, үзэл баримтлал, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харгалзаж, саналаа өгнө. Намууд сонгогчдоос авсан саналын хувьд үндэслэж, нэр дэвшигчдээ нэрсийн жагсаалтаар тодруулах юм. Хэрэв Ардын нам ирэх сонгуульд 60 хувийн санал авбал нэрсийн жагсаалтад бичигдсэн 100 нэр дэвшигчийн эхний 60 нь парламентад суудалтай болох учиртай. Гэвч тухайн намын даргад бүх эрх мэдэл төвлөрнө. Тэрбээр хэнийг нэрсийн жагсаалтын эхэнд бичихээ шийдэх эрхтэй. Тиймээс өөрт нь тал алдаагүй, суудлаас нь унагах гэж элдэв хор найруулаагүй хүмүүс нэрсийн жагсаалтын эхэнд бичигдэх магадлал өндөр. Харамсалтай нь намын даргынхаа эсрэг байр суурь баримталж, хэвлэлүүдээр түүнийг баалж явсан хүмүүст пропорциональ тогтолцоо гай болж мэднэ. Тухайлбал, Ардчилсан нам байна. Тус намын дарга Н.Алтанхуяг С.Баярын урилгыг хүлээн авч, хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон нь З.Энхболд нарын эсэргүүцэлтэй тулгарсан. Намын дарга өрөөлийн галыг манаж, Ардчилсан намын зарим гишүүн түүнд эгдүүцэн Ардчилсан хүчний холбоог байгуулсан билээ. Тэд намын даргынхаа эсрэг хөдөлсөн ч Н.Алтанхуяг тэднийг өрөөндөө ээлжлэн дуудаж “Ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг чинь би мэднэ шүү” хэмээн сүрдүүлсээр байгаа. Ардчилсан хүчний холбооныхон ч УИХ-ын 2012 оны сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулбал улс төрийн карьерт нь халтай гэдгийг мэдсэн ч мэдээгүй мэт царайлах болжээ.  

УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ. Эрхэм гишүүд Үндсэн хуулийг шинэчлэхээсээ өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тов­лосон ч төлөвлөгөөгөө өөрчилж болзошгүй нь. Учир нь Ардын намынхан жижигсгэсэн мажоритар, Ардчилсан намынхан пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулахыг санал болгож байгаа. Гэвч Үндсэн хуульд пропорциональ гэх ганц ч үг байхгүй. Ардчилсан намынхны мөрөөдөлд “эцэг” хууль ийн тээг болж байх зуур Ардын намын дарга С.Батболд хоёр танхим бүхий парламентын тогтолцоотой болохыг санал болгосон. Энэ тухай заалт ч Үндсэн хуульд байхгүй. “Эцэг” хуулийн 21 дүгээр зүйлд “УИХ нэг танхимтай, 76 гишүүнтэй байна” хэмээх заалт бий. Парламентыг хоёр танхимтай болгон хуульчиллаа гэхэд Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн” хэмээн заасныг өөрчлөх үү, эс өөрчлөх үү гэхмэтчилэн эргэлзэж, тээнэгэлзмээр асуудлуудтай эрхэм гишүүд тулгарчээ. Тэд “Ирэх сонгуулиар улс төрд Н.Энхбаяр нараас өөр олон сөрөг хүчин гарч ирж мэдэхээр байна. Уул уурхайн бизнес эрхэлж, энэ цагийн олигархиудаас ч илүү хөлжсөн хүмүүс УИХ-д хүч түрэн орж ирэх магадлал өндөр. Тиймээс тэдэнд хориг саад тавихуйц сонгуулийн тогтолцоотой болох нь л чухал” гэдэгт санал нэгдчихээд байгаа юм. Ямартай ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэхээр Үндсэн хууль тээг болж, Үндсэн хуулийг шинэчилчихээд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцвэл ихээхэн цаг алдчих гээд байгаа энэ үед Төрийн ордонд хичээлийн шинэ жил эхэллээ. Харин УИХ-ын 2012 оны сонгуулийн дараахь дүр зургийг эрхэм гишүүд хэрхэн төсөөлж байгаа бол. Мажоритар тогтолцооны дагуу сонгуульд оролцож, МАХН хэмээх нэрийг дугуйлаад “заншчихсан” сонгогчид  Ардын нам биш, Н.Энх­баяр даргатай МАХН-ыг УИХ-д олонхи болгочихвол яана. Улс­төрчдийн зарим нь ийм айдаст автаж, нөгөө хэсэг нь “Тэгээд одоо аль намын байрыг шатаах бол” хэмээн тохой нудралцах болжээ. Ингэхэд ер нь Ардын нам ирэх сонгуулийн үр дүнд эрх баригч нам хэвээр үлдэх эсэх нь Н.Энхбаярын мэдэлд байна уу, аль эсвэл Сонгуулийн тухай шинэчилсэн хуульд уу.    

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж