
Монголын олимпийн боксын холбооны нэгдүгээр шигшээ багийн тамирчид гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор Европын цуврал тэмцээнүүдэд хүч үзэж байгаа юм. Тэдний дараагийн тэмцээн нь Польшийн нийслэл Варшав хотноо энэ сарын 5-9-ний хооронд болох юм. Мөн энэ сарын 20-24-ний өдөр Сербийн нийслэл Бельградад болох “Belgrade Winner” тэмцээнд оролцоно.
Түүнчлэн Монголын олимпийн боксын холбооны хоёрдугаар шигшээ багийн тамирчид энэ сарын 11-нд Армяны нийслэл Ереванд болох олон улсын тэмцээнд оролцох юм. 52 кг-ын жинд ОУХМ Ж.Отгонбаяр, 60 кг-д ОУХМ З.Энхзориг, 64 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 69 кг-ын жинд ОУХМ А.Бат-Очир, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр, 81 кг-д спортын мастер Т.Мөнхбаатар, -91 кг-ын жинд спортын дэд мастер Т.Эрболат нарын бүрэлдэхүүнтэй багийг Ардын багш Д.Банди, Д.Батсүрэн нар дасгалжуулж байна.
Дашрамд дурдахад, энэ онд Монголын хүүхдийн спортын IV их наадмыг спортын 25 төрлөөр зохиогдож байгаа билээ. Орхон аймагт тус наадмын 10 төрлийн дийлэнх уралдаан тэмцээн болно. Монголын хүүхдийн спортын IV их наадмын боксын тэмцээн маргааш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хангарьд” спорт цогцолборт нээлтээ хийнэ. Тус тэмцээний шилдгүүдийг Казахстан улсын Астана хотод долдугаар сарын 20-31-ний өдрүүдэд болох Хүүхдийн дэлхийн аваргын тэмцээн хүлээж байгаа юм.