
Хэсгийн байцаагч нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” гурван сарын хугацаатай болзолт аяныг 2011 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс зарлан явуулж байна.
Замын цагдаагийн газар МҮОНРТ-тэй хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах Амьдралын зөв хэвшил-авто ослоос таныг сэргийлье” уриа бүхий ажлын эхний шатыг зохион байгуулсан. Дорнод аймгийн цагдаагийн газраас өөрийн аймгийн 9 суманд цагдаагийн дуу бүжгийн “Сонор” хамтлагийн тоглолт болон Хэрлэн сумын 10 багт “Иргэдтэй уулзах өдөр”-ийг зохион байгуулав.
Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсээс аймагтаа “Талархлын өдөр” арга хэмжээг зохион байгуулж, алба хаагчдын үйл ажиллагааны талаар 30 гаруй талархал, сэтгэлийн илгээмжийг хүлээн авч цагдаагийн хэлтсийн түүхэн замналыг харуулсан “Жанжны нутгийн цагдаагийн байгууллага” номыг гаргаж уншигч олон нийтийн хүртээл болгов.
Хэнтий аймгийн цагдаагийн газар нь “Албаны сургалтын кабинет”, “Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх өрөө”-г шинээр байгуулан ашиглалтад оруулж 7 хоног бүрийн Лхагва гаригийг “Хэсгийн байцаагч”-ийн өдөр болгон иргэдийн санал, хүсэлтийг сонсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.Төв аймгийн цагдаагийн газраас Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Ц.Гомбосүрэн агсны гавьяат үйлээр сэдэвлэсэн “Цагаан гуниг” жүжгийн зохиол бичүүлж, аймгийн “Монгол туургатан” театртай гэрээ байгуулан тоглуулах бэлтгэлийг хангуулж байна.