Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Үндсэн хуулиа өөрчлөх үү, эс өөрчлөх үү

УИХ-ын
хаврын чуулган ирэх долоо хоногт эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуульд
өөрчлөлт оруулах асуудал нэлээд өндөр авч байгаа бололтой. Үүнд
өнгөрөгч хаврын чуулганаар хэлэлцэж баталсан Үндсэн хуульд өөрчлөлт
оруулах журмын тухай хууль ч нэмэр болсон бололтой.

Уг нь нь бол
энэ асуудал цоо шинэ зүйл биш. 1990 онд баталж, 20 жил тахисан шинэ
Үндсэн хууль маань цагийн эрхээр гологдож, өнөөгийн нөхцөл шаардлагад
нийцэхээ больсон тухай хэдэн жилийн өмнөөс л ярьж эхэлсэн. Тэгэхээс ч
өөр аргагүй. Шинэ Үндсэн хууль дээр ажилласан тухайн үеийн АИХ, УБХ-ын
гишүүд бүгд л хуучин нийгмийнхээ бүтээгдэхүүн, эд эс байсан юм учир 20
жилийн дараах Монгол Улсад ямархуу нөхцөл байдал үүсэхийг төсөөлөх ч
аргагүй нь ойлгомжтой. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
шаардлагатай, шаардлагагүйн тухай бүр 2004 оны парламентаас хойш ярьж
эхэлсэн юм. Улстөрчид бол ихэнхдээ өөрчлөх шаардлагатай гэдгийг ил далд
ямар нэг байдлаар ярьж ирсэн. Харин хуульчдын зүгээс “Ойр ойрхон
өөрчлөөд байх нь Үндсэн хуулийн дархлааг үгүй болгоно, УИХ-д олонхи
байгаа хүчин дуртай үедээ өөрчлөөд байдаг болчихно. Үндсэн хуульд аль
болох гар хүрэхгүйгээр дагалдах хуулиудаа сайжруулаад явах нь дээр”
гэсэн байр суурийг ихэнхдээ хэлдэг билээ. Тэдний энэ болгоомжлол ч
бодитой байсныг 2000 онд МАХН УИХ-д үнэмлэхүй олонхи байх үедээ хийсэн
Үндсэн хуулийн өөрчлөлт нотолсон билээ. Энэ өөрчлөлтөөр одоо хамгийн их
шүүмжлүүлж, парламентын хяналтыг үгүйсгэсэн, Засгийн газар нь
парламентынхаа толгой дээр гарсан гэгдээд байгаа “УИХ-ын гишүүн Засгийн
газрын гишүүнээр давхар ажиллах” эрхийг нээж өгсөн юм.

Үүнийг
ярихын тулд бас л түүх сөхөх хэрэгтэй болно. 1998 онд Ц.Элбэгдоржийн
Засгийн газар огцроход Ерөнхийлөгч Н.Багабанди Ардчилсан холбоо эвслээр
Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Да.Ганболдыг долоон удаа буцааж, үүний үр
дүнд Ц.Элбэгдоржийн Засгийн газар бүтэн найман сар үүрэг гүйцэтгэгчээр
ажилласан билээ. Учир нь Үндсэн хуульд энэ асуудлыг “Олонхи болсон нам,
эвслийн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө” гэснээс бус,
Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадахгүй тохиолдол яах тухай зохицуулалт
байгаагүй хэрэг. Тиймээс энэ гацааг арилгахын тулд “Нам эвслийн нэр
дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах”-аар
хугацаа зааж өгсөн. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж өгсөн хэрэг. Үүний
тулд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийг 2001 оны Ерөнхийлөгчийн
сонгуульд хоёр дахиа нэр дэвшүүлэх тохироог хийсэн гэдэг юм. Гэхдээ МАХН
УИХ-д дийлэнх олонхи байснаараа гул барин бас нэг өөрчлөлтийг давхар
хийсэн нь “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох” тухай заалт.
Үүгээр олонхи болсон нам өөрийн үзэмжээр ямар ч өөрчлөлт хийж болох нь
гэдэг жишгийг анх үзүүлсэн билээ. Тиймээс ч хуульчид Үндсэн хуульд
өөрчлөлт оруулах асуудал дээр илүү эмзэг хандах болсон.

Өнгөрөгч
намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай
хуулийг баталсны дараа УИХ-ын 15 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан. Энд төсөлд 2000 онд
хийсэн уг өөрчлөлтийн хоёр ззаалтыг буцаах, ингэхдээ “Засгийн газрын
танхимын 1/3-ээс ихгүйг УИХ-аас томилж болох”-оор хязгаарлаж / үүний ард
бодлогын том яамдынхаа сайд нарыг УИХ-аас томилдог байх нь дээр гэсэн
зүйл яригддаг юм/, УИХ-ын дарга дэд даргыг илээр санал хурааж батална
гэснийг нууцаар санал хураадаг хуучин зарчимд нь оруулах санал
боловсруулсан байдаг аж.

Мөн Д.Очирбат нарын хэсэг гишүүдийн
санаачлан боловсруулсан бас нэг төсөлд 40 мянгаас илүү хүн амтай суурин
газруудыг хотын статустай болгох, баг, хорооны Засаг даргыг улс төрийн
албан тушаалаас гаргаж, төрийн албан хаагчийн статустай болгох зэрэг
орсон байна. Одоо бол Үндсэн хуульд Монгол Улсын засаг захиргааны нэгж
нь нийслэл хот болон 21 аймаг, сум, дүүрэгт, баг, хороонд хуваагдана гэж
байгаа тул аймгийн төвүүдийг хотын статустай болгох боломжгүй билээ.
Энэ нь орон нутгийн хөгжлийг боомилсон бас нэг зүйл болоод байгаа.
Хэрвээ хотын статустай болчихвол тэр хэрээр тавигдах стандарт, төрөөс
барих бодлого, хөрөнгө оруулалтын хэмжээ ч мөн нэмэгдээд явчихна гэсэн
үг. Тиймээс дээрх хоёр төслийн хувьд ерөнхийдөө өмнө хүлээгдэж, яригдаж
байсан зүйлүүд. Гэтэл энэ мэт анх Үндсэн хуульд өөрчлөлт оруулах
боломжгүй байхдаа ярьж байсан өөрчлөлтийн чиг шугам өнөөдөр өөрчлөлт
хийх боломж нь нээгдээд ирсний дараа чиглэлээсээ хазайгаад эхэллээ.

Саяхан
МАН-аас төрийн ордонд зохион байгуулсан “Парламентын шинэчлэлд улс
төрийн намуудын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөн дээр намын дарга,
Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн нэг үгийг анхаарахаас өөр аргагүй. Хоёр
танхимтай парламентыг бий болгох шаардлагатай тухай. Огт санаандгүйгээс,
гэнэт гараад ирсэн мэт сонсогдох энэ мэдэгдлийн араас зарим нэг нь
“Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурал нэг танхимтай,
далан зургаан гишүүнтэй байна” гэж заасан нь “Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан “өөрчилж болохгүй хэсэг”-т
хамаарахгүй байна” гэсэн зүүлт, тайлбарыг дагуулж эхлээд байна. Ингээд
өмнөх өөрчлөлтөө хийж чадаагүй байж, бас нэг шинэ өөрчлөлтийн тухай
сэдэл санааг эрх барьж буй намаас нийгэмд гаргаж хаяв. Дахиад бас нэг
зүйл дээр талцах шаардлага гарлаа гэсэн үг. Уг нь бол парламентыг
төлөвшүүлэхийн улс төрийн намууд нь өөсрдөө хариуцлагажих ёстойгоос биш,
нэг танхимтай, хоёр танхимтай байхаас нэг их хамаарахгүй зүйл.

Гэтэл
саяхан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг гаргаж,
иргэдийн дунд санал асуулга явуулсан гэнэ. Тэгтэл санал асуулгад
оролцсон хүмүүсийн дийлэнх нь хоёр танхимтай парламентыг дэмжиж байна
гэсэн бас нэг бор шувуу нисээд эхлэв. Үнэндээ бол бүх олон нийтийн санал
асуулга гэдэг орон нутгийн ИТХ руу утас факс шидээд, парламентын вэбээр
дамжуулж зуун хэдэн хүний санал аваад болчихдог зүйл биш. Тэгээд ч
аймаг, сумын ИТХ-ын эрхтэн дархтангуудыг эс тооцвол энэ талаар мэдээлэл
авсан, саналаа өгсөн иргэдийн тоо тэр зуун хэдээс лав илүү гарахгүй
болов уу. Тэгэхээр ТББХ-ноос нисгэж буй энэ мессеж, С.Батболд даргын
зөвлөгөөн дээр хэлсэн үг хоёр нэг эх сурвалжаас нэг чиглэлтэй гараад
эргэж уулзаж байгаа эд болж байна.

Саяхан энэ тухай МАН-ын
бүлгийн нэг нөхөр “Сонгуулийн хууль явахгүй болчихлоо, парламентын
өөрчлөлт рүү явахаас өөр алга” гэх маягийн үг унагасан байна лээ.
Үнэндээ бол өөрчлөлт явахгүй байгаа бус. Харин өөрчлөлтийг явуулахгүй
байгаа хүмүүс нь МАН-ын бүлэг өөрсдөө гэдгийг санах хэрэгтэй. Энэ нам
нэрээ сольж, хуучин нэрийг нь Н.Энхбаяр нар булаалдах болсноос хойш
намын нэрээр санал авахаас үхтлээ айх болсон билээ. Тиймээс бүлгийн
гишүүний хэлсэн үгийг зөв дараалалд нь оруулбал “Сонгуулийн хуулийг
явуулахгүйн тулд хоёр танхимыг гаргаж ирсэн юм” гэдэг нь ойлгогдох
болно. Саяхан сонссоноор УИХ 30-40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг
гараад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар гишүүдийн боловсруулсан
хуулийн төслүүдийг нэгтгэж байгаа юм гэнэ лээ. Мөд удахгүй нөгөө “хоёр
танхимтай парламент”-ын асуудал ч гэсэн хуулийн төсөл болж орж ирээд,
өмнөх хоёр төсөлтэй нэгтгэгдэх болно. Өөрөөр хэлбэл, энэ удаа ч гэсэн
нэг асуудал ярихаар заавал нөгөөгөөр нь цохиж унагаж сурсан МАН-ын
мэргэн санаа. Хаврын чуулган дуусан дуустал “хоёр танхимтай парламент”
яриад, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр чулуу хөөлгөж чадвал сонгуулийн
системийн өөрчлөлт аяндаа зогсох юм. Үгүй гэж үү.

Уг нь бол
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон бас нэг шалтгаан нь Сонгуулийн
систем, засаг захиргааны нэгжийн хуваарьтай холбоотой байсныг эргэж
сануулах хэрэгтэй байх. Хэдийгээр Сонгуулийн хуулийг өөрчилж, хувь
тэнцүүлсэн биш юм гэхэд ядахдаа холимог системээр сонгуулиа хийнэ гэдэг
дээр намын бүлгүүд аль оны өмнө санал нэгдсэн /парламентын гаднах намууд
ч үүнийг нь дэмжиж байгаа/ ч, бодлогоо баримт бичиг болгож хэрэгжүүлэх
дээр асуудал гацчихаад байгаа. Гацаах шалтаг болсон ганц зүйл нь Үндсэн
хуульд заасан сонгогч өөрийн элч төлөөлөгчөө шууд сонгох эрх. Мэргэжлийн
хуульчид үүнийг “Энэ заалт нэр дэвшигчийг сонгох, нам сонгохтой
холбоогүй, сонгогч өөрийн биеэр санал өгөх хэлбэрийг хэлж байгаа юм.
Намын нэр дугуйлах нь сонгогчийн “шууд сонгох эрх”-эд халдахгүй” гэдгийг
энэ сэдвээрх удаа дараагийн хэлэцүүлэг дээр хэлсэн, тайлбарласан. Гэвч
УИХ-д олонхи байгаа МАН-ын зүгээс үүнийг чихний хажуугаар өнгөрүүлдэг
билээ. Тэгээд үнэхээр Үндсэн хуультай зөрчилдөх гээд байна гэж нийгмийн
нэг хэсэг нь үзээд байгаа юм Үндсэн хуулиа өөрчилчихөөч өө гэхээр
өөрчлөхгүй. Засаг захиргааны хуваарь дээр ч мөн ялгаагүй. 2005 онд
УИХ-аар баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж,
аймаг, орон нутгийг төвлөрүүлэх бодлого мөн л орхигдсоор байгаа. Энэ нь
бас л Үндсэн хуульд заасан “засаг захиргааны хуваарьт өөрчлөлт
оруулахын тулд оршин суугаа иргэдээс нь санал авна” гэдэг заалт тээг
болдог. 200 хүнтэй нэг сумын иргэдээс асуухад л “Би нүүхгүй, нэгдэхгүй”
гэх нь тодорхой. Ямар ч үйлдвэрлэл үйлчилгээ байхгүй, зах зээлгүй энэ
сум суурин луу төсвөөс тэрбум тэрбумаар нь хөрөнгө гаргаж өндөр хүчдэл
татаад, эргээд цахилгааныхаа үнийг төлж чадахгүй алдагдалд орох нь
тэдний хувьд юу ч биш.

Уг нь үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт
оруулья, энэ мэт хуримтлагдсан асуудлаа шийдье гэсэн бол эхнийхээ
саналаар явах ёстой байв. Харин одоо бол МАН-ын нөхөд Үндсэн хуулийг
өөрчлөхийн төлөө бус, сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс хэрхэн бултах тухай
л ажиллаж байна. Харин үүн дээр Ардчилсан намын бүлэг хэрхэн тоглохыг л
харж байя.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж