Саруул талын найрагчид чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

Саруул талын найрагчид чууллаа

Нийслэл хотноо зохион байгуулж буй Сүхбаатар аймгийн соёлын өдрүүдийн хүрээнд “Саруул талын  найрагчид”  сэдэвт уулзалт, цэнгүүн болж МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ай.Төмөр-Очир, Н.Лутбаяр, С.Амартайван, Ж.Нэргүй, Т.Эрдэнэцогт,  Сэр-Одын шагналт Б.Төгсжаргал, Б.Батсайхан, Ч.Үл-Олдох нарын 40 гаруй найрагч уран бүтээлээ толилууллаа.  

Сүхбаатарчууд  утга зохиолд элэгтэй,  яруу найрагч олонтой ард түмэн.  “Барсан хэвнэгт баатар”-ыг орчуулсан Д.Гомбожав, “Газар шороо” романаар нь уншигчид сайн таньдаг Д.Маам нараас эхлэн “Үүрд хамт байгаач ээж ээ” дууны шүлгийг бичсэн Д.Шагдарсүрэн, хүүхдийн хайртай зохиолчдын нэг Н.Доржцэрэн, богино өгүүллэгийн үгийг дархцуул дотор үнэлэгддэг Ш.Долгорлхам, Дорнын их найрагч О.Дашбалбар, Эрээнцаваар овоглодог Дарьгангын яруу найрагч Д.Нямсүрэн, дэлхийн утга зохиолын алтан цомын эзэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нарыг төрүүлснээрээ бахархдаг. Тиймээс соёлын өдрүүдээ яруу найргийн уулзалт-цэнгүүнээр нээж байна гэж өнгөц харж болохоор ч энэ нутгийнхан Монголын   уран зохиолд  сүхбаатарчуудын  оруулсан хувь нэмэр юу вэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгсөн нь онцлог байв.

Уулзалт-цэнгүүнд найрагчдаас гадна судлаач, шүүмжлэгч нар ирсэн. Энэ үеэр  Сүхбаатар аймгийн яруу найрагчид зөвхөн уран зохиолын төрөл жанраар  бүтээж туурвиад зогсохгүй сэтгүүл зүйд цахиур хагалсан нэртэй нийтлэлчид гэдгийг  “Саруул талын найрагчид” сэдэвт үндсэн  илтгэлийг  тавьсан хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Б.Магсаржав онцолж байв. Д.Дашбалбарын гарын шавь, утга зохиол судлаач, яруу найрагч Х.Сүглэгмаа “Сүхбаатарчуудын уран бүтээл ус нутагтайгаа салшгүй холбоотой ундран гарч явсан явсаар дэлхийн хэмжээнд үнэлэгдэх хэмжээнд хүрсэн-“-ийг тэмдэглэв. Харин утга зохиол судлаач,шүүмжлэгч  доктор  До.Цэнджав Сүхбаатарчууд төрмөл авьяастай, өвөрмөц сэтгэлгээтэй ард түмэн. Өнөөдөр  үе үеийн уран бүтээлчдийн араас тэдний  залуу халаа тав дахь үе гарч ирж байгааг дуулгая хэмээн залуу уран бүтээлчдийг танилцуулсан бол судлаач, шүүмжлэгч Н.М өнх-Оргил   “Д.Нямсүрэн найрагчгийн зургаа дахь мэдрэхүй”   сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж