Балигийн форумд Монголын төлөөлөгчид оролцов

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

Балигийн форумд Монголын төлөөлөгчид оролцов

“Хүн худалдаалах, хүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх болон үндэстэн дамнасан бусад гэмт хэргийн асуудлаарх Балигийн Форум”-ын сайд нарын Бага хурал өнгөрсөн сарын 30-нд Бүгд Найрамдах Индонез улсын Бали хотноо болж өндөрлөсөн байна.
Хүн худалдаалах болон хууль бусаар хил нэвтрүүлэх асуудлаарх бүс нутгийн хэмжээний олон талт хамтын ажиллагааны индэр болсон энэхүү форумыг анх 2002 онд Индонез улсын Бали хотноо зохион байгуулсан сайд нарын зөвлөлдөх уулзалтын дүнд Австрали болон Индонези, АНУ, Шинэ Зеланд, Япон улстай хамтран уг Форумыг үндэслэн байгуулснаар эдүгээ 41 улсыг эгнээндээ нэгтгэжээ.

Энэ удаагийн дөрөв дэх сайд нарын Бага хуралд Ази Номхон далайн бүс нутгийн 32 улс болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар, АСЕАН-ын Нарийн бичгийн дарга нар зэрэг холбогдох олон улсын байгууллагууд, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.

Балигийн Форумын сайд нарын Бага хурлаар 2009 онд зохион байгуулсан Сайд нарын 3 дахь бага хурлаас хойш хийж гүйцэтгэсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны чигийг тодорхойлжээ. Мөн хүн худалдаалах, хууль бусаар хил нэвтрүүлэх болон үндэстэн дамнасан бусад гэмт хэргийг бүсийн хүрээнд шийдэх чиг хандлагыг тодорхойлсон байна. Бага хуралд оролцогчид хүн худалдаалах, хүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг нь үндэстэн дамнасан гэмт хэргийн хувьд илгээгч, дамжин өнгөрүүлэгч болон хүлээн авагч улс орнуудын нягт хамтын ажиллагаа болон хамтын хариуцлагыг шаардаж байгааг онцлон тэмдэглэжээ.   

Хурлын үеэр Дэд сайд В.Удвал Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Ерөнхий захирал н.Уильям Свинг, Австралийн Гадаад хэргийн сайд н.Кевин Радд болон БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаадын иргэдийн бодлогын асуудал эрхэлсэн албаны дарга н.Дон Хён Сёк нартай ганцаарчлан уулзаж Монгол Улсын Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төслийн тухай танилцуулж, дээрх байгууллагуудтай тодорхой асуудлаар цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үйл ажиллагааны цар  хүрээг өргөжүүлэх талаар хэлэлцэж тохирсон байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар тушаалаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслийг эцэслэн боловсруулаад байгаа аж. Хуулийн төслийг боловсруулахад Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж буй Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Азийн сан болон бусад иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэд идэвхтэй оролцож,  төсөл боловсруулах явцад нийт есөн удаа хуулийн төслийн талаар семинар, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хуулийн төсөл нь хүн худалдаалахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, хохирогчийг хамгаалах, эрхийг нь хангахтай холбогдсон харилцааг тусгасан цогц агуулгатай юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж