Хонгконгийн хөрөнгийн биржийнхэн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

Хонгконгийн хөрөнгийн биржийнхэн мэдээлэл хийнэ

Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн захыг хөгжүүлэхээр орж ирж байгаатай зэрэгцэн Хонгконгийн хөрөнгийн бирж монголчуудад үүд хаалгаа нээхээр ирж байна. Монголчуудад тус бирж хөрөнгө босгох таатай боломж бий гэдгээ зарлан тунхаглахаар хэвлэлийн бага хурлыг маргааш 15.00 цагт Кемпински буудлын хурлын танхимд товложээ. Хэвлэлийн бага хуралд тус биржийн ТУЗ-ийн дарга Роналд Аркулли, биржийн листинг хариуцсан хэлтсийн тэргүүн Марк Диккенз, зах зээл судлалын хэлтсийн тэргүүн Ромнеш Ламба болон үнэт цаасны маркетингийн хэлтсийн тэргүүн Эрик Ландхийр хүрэлцэн ирж сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.

Хонгконгийн хөрөнгийн бирж нь сүүлийн хоёр жилийн турш дэлхийн топ IPO гаргагчаар шалгарч санхүүгийн зах зээл дээр хөрөнгө босгох сонирхолтой Азийн компаниудын шилдэг сонголт болох болсон. Одоогоор тус биржид уул уурхай, эрчим хүч, байгалийн баялгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 250 гаруй компаниуд бүртгэлтэй байна. Өнгөрсөн жилийн байдлаар 108 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг тус бирж дээрээс татжээ.  Хонгконгийн хуулийн систем нь олон улсын стандарт, шилдэг туршлага дээр тулгуурласан байдаг ба жижиг компаниудад ч хөрөнгө татахад таатай орчин болдог гэнэ. Тиймээс тэд Монголын компаниудыг татаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж