Монголын таван сумоч шийтгүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Монголын таван сумоч шийтгүүллээ

Японы сумогийн ертөнцийг сууриар нь ганхуулсан “даваа наймаалцах” асуудалд холбогдсон сумочдод зохих шийтгэлийг нь ногдууллаа. Токио болон Васедагийн их сургуулийн профессор Шигеру Итогоор удирдуулсан хөндлөнгийн шинжээчдийн зөвлөл эцсийн тайлангаа Японы сумогийн холбооны захирлуудын зөвлөлд өчигдөр танилцуулжээ. Тэдний хийсэн судалгаа, мөрдөн байцаалтын тайланг үндэслэн Сумогийн холбоо шийдвэрээ гаргасан байна. Улмаар 21 сумочоос гадна өдгөө зодог тайлсан хоёр оякатад сумогийн ертөнцийг бүрмөсөн орхих шийтгэл хүлээлгэжээ. Тэдгээрийн дунд макүүчи зиндааны зургаан бөх байгаагийн дөрөв нь монгол сумоч. Тодруулбал, Хакуба А.Өнөржаргал, Токүсэгава Б.Ганболд, Моконами Г.Базарсад болон Коорюү Э.Мөнх-Оргил нар юм. Нөгөө хоёр сумочийн тухайд Өмнөд Солонгосын бөх Касугао болон япон сумоч Котокасуга нар ажээ. Мөн жюүрё зиндааны найман бөх, Шимотори, Масацүкаса, Сакаизава, Кёкүнанкай, Вакатэнро, Киёсэүми, Тоёозакура болон Асофүжи, мөн доод зиндааны Жюмонжи, Кириновака, Хишихикари, Ширононами, Ямамотояма нараас гадна экс-комүсүби Кайхо буюу одоогийн Танигава ояката нарт зодог тайлах шийтгэл хүлээлгэсэн аж. Тэд энэ сарын 5-наас өмнө дор бүрнээ зодог тайлах хүсэлтээ Сумогийн холбоонд гаргах ёстой гэнэ. Хэрэв тэгээгүй тохиолдолд сумогийн ертөнцөөс хөөх учир нэр хүндээ бодвол өөрсдийн саналаар сумогийн дэвжээг орхих хүсэлтээ өгсөн нь зүйтэй гэдгийг Японы сумогийн холбоо сануулжээ.

Дээр нэр дурдагдсан сумочид бүгд хэргээ хүлээхгүй, үгүйсгэсээр байгаа юм. Харин мөрдөн байцаалтын явцад гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хэргээ хүлээсэн Чиёхакухо, ояката Такэнава /экс-маэгашира Касуганишики/ болон зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Энацүкаса нарт хамгийн хөнгөн шийтгэл оноожээ. Тэд хоёр жилийн хугацаатай эрхээ хасуулсан байна. Түүнчлэн мэргэжлийн сумогийн 58 дахь ёкозуна Чиёнофүжи буюу Коконоэй, 55 дахь ёкозуна Китаноуми болон экс-озэки Киришима буюу Мичиноку нарыг Японы сумогийн холбооны захирлуудын зөвлөлөөс огцруулжээ.

Ийнхүү Япон улсын олон зуун жилийн түүхтэй сумо бөхийн нэр хүндэд сэв суулгасан “даваа наймаалцах” хэрэг шийдэгдэж, энэ хэрэгт холбоотой болох нь батлагдсан Хакуба А.Өнөржаргал, Токүсэгава Б.Ганболд, Моконами Г.Базарсад, Коорюү Э.Мөнх-Оргил болон Хошихикари Д.Лхагваа нарын Монголын таван бөх сумогийн ертөнцийг бүрмөсөн орхихоор боллоо.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж