
Сэлэнгэ аймгийн Мандал сумын хувьд Зүүнхараа хот, Мандал сум, Түнхэл хороог нэгтгэн 1994 онд Мандал сум болон өргөтгөсөн. Засаг захиргааны есөн баг, 6652 өрх, 25175 хүн амтай Монгол улсын хамгийн том сум юм.
Сангийн сайд хэлэхдээ “Энэхүү нэр хүндтэй шагнал бол Мандал сумын ажилсаг ард түмний хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийн үр, сум орон нутгийн удирдлагын тэр дундаа сумын Засаг дарга Б.Цээпилдоржийн зөв менежмент, зөв удирдлага, Та бүхний хамтын хүчин чармайлт бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналыг хамгийн түрүүн хүлээн авах эрхтэй ард түмэн юм. Энэ суманд бүтээн байгуулалт үргэлж өрнөж, ажил хөдөлмөр үргэлж буцалж байдаг. Монгол улсыг хамарсан эдийн засгийн хямралын үед ч энд том том бүтээн байгуулалтууд өрнөж байсныг хэлэхэд бахархалтай байдаг гээд удахгүй Та бүхэн аймгийн хэмжээний бие даасан статустай хот, цаашлаад улсын хэмжээний бие даасан хот болон өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Мөн энэ үеэр сайд нар болон сум орон нутгийн удирдлагууд Мандал сумын 3-р багын нутаг дэвсгэрт баригдах 560 хүүхдийн суудалтай сургуулийн хичээлийн байрны шавыг тавих ёслолд оролцлоо.