Пулитцерийн шагналт, зохиолч Жозеф Леливельд шинэхэн бичсэн номноосоо болж тун эвгүй байдалд ороод байна. Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг Махатма Гандиг нэгэн еврей эртэй ижил хүйстний харилцаатай байсан хэмээн бичсэн нь өдгөө олон улс даяар шуугиан тариад байна. Ялангуяа Энэтхэг улс тун их эгдүүцэж байгаа юм. “Махатма Гандиг зөвхөн Энэтхэг оронд биш дэлхий даяар сая сая хүн хүндэтгэн биширдэг. Бид хэн нэгэн энэ агуу хүнийг доромжлон гутаахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Түүх биднийг уучлахгүй” хэмээн тус улсын Хууль зүйн сайд мэдэгдлээ.
1971 онд баталсан Энэтхэгийн үндэсний нэр хүндийн актаар Махатма Ганди, Үндсэн хууль, төрийн далбаа гурвыг гутаан доромжилсон хэнийг ч болов хуулиар шийтгэн, шоронд хорино хэмээн заасан байдаг ажээ. Харин зохиолч Жозеф Леливельд түүхэн удирдагчийг ижил хүйстэн гэж улаан цайм бичээгүй хэмээн эсэргүүцсээр байна. Гэлээ ч АНУ, Британийн хэвлэлүүдээр гарч буй номын шүүмжүүдээс харахад Гандиг ижил хүйстэн хэмээн хэнд ч ойлгогдохоор бичсэн бололтой.