Ганц ч гэсэн монгол хүн амьд байг л дээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Ганц ч гэсэн монгол хүн амьд байг л дээ

Монголын иргэд ганцхан өдрийн дотор 5-6-гаараа амиа алдах нь төр засгийнханд тийм ч хамаатай биш бололтой. Яагаад гэвэл Тэргүүн Шадар сайдын хамгийн сүүлд сонссон муу мэдээ нь Налайхад монгол хүмүүс осолдсон тухай бус, Японы цунами байсан гэсэн. Н.Алтанхуяг сайд Японд болсон гамшгийг “Үнэхээр муу мэдээ энэ л байлаа” хэмээн тодотгосон байна билээ. Мөн манай Засгийн газар гадаадад болж буй гамшигт онцгой ач холбогдол өгч бүрэн бүрэлдэхүүнээрээ маш сайн ажилласан. Бусдын төлөө цохилох зүрхтэй байна гэдэг сайхан чанар. Гэхдээ манай төрийн түшээдийн зүрх зарим үед “нам зогсчихдог” нь харамсалтай. Тэр дундаа монгол хүнийхээ төлөө юу ч хийхгүй гөлийчихдөг нь бүр муухай.

Хэдхэн хоногийн өмнө Налайхын уурхайд долоон хүний эрдэнэт амь эрсэдсэн нь гэнэтийн зүйл биш байв. Уурхайчид урьд нь амиа алдаж л байсан. Алдсаар ч байгаа. Ерөнхийдөө тэр газар хүн үхэх нь байдаг л үзэгдэл болчихсон гэхэд хилсдэхгүй. Тийм болоод ч “Налайхад хүмүүс амиа алдлаа” гэсэн мэдээ төрийн түшээдийн чихэнд сонин биш сонсогддог биз. Осол гарсан үед нь “Арга хэмжээ авна, цэгцэлнэ” гэж жаахан сүржигнэж байгаад таг чиг болдог. Энэ удаа ч тэр жишиг давтагдлаа. Засгийн газар, мэргэжлийн байгууллагууд Налайхын уурхайд ямар ч арга хэмжээ авсангүй. Уг нь хэн юу хийж, ямар арга хэмжээ авах нь тов тодорхой. Гэвч дургүйд хүчгүйн үлгэрээр элдэв шалтаг тоочин асуудлыг хойш тавьсаар. Одоо бүр цагаандаа гараад орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын байгууллагынхан “Бид яагаад ч дийлэхгүй юм байна. УИХ, Засгийн газар л шийдэх байх” гэсэн тайлбарыг ичих ч үгүй хэлдэг боллоо. Ингэх, ингэхдээ “УИХ, Засгийн газраас үндэслэлтэй тооцоо судалгаа хийх шаардлагатай байна” хэмээв. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар бол Засгийн газрын тохируулагч агентлаг. Нийгмийн бүх салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагуудыг мөрдүүлэх, хяналт тавих эрхтэй байгууллага. Гэтэл албан тушаалтнууд нь ийм инээдтэй зүйл яриад сууж байдаг. Засгийн газрын нэрийн өмнөөс ажиллах бүрэн эрхтэй байгууллага атлаа ингэж болно гэж үү. Тэдний хэлсэн тайлбараар бол мэргэжлийн хяналтынхны урьд нь хийж байсан тооцоо судалгаанууд ямар ч үндэслэлгүй юм байна л даа. Яг үнэндээ Налайхын уурхайн асуудлыг одоо судлах ямар хэрэгтэй гэж. Жил, сард хэдэн хүн амиа алддаг, ослын шалтгаан юу вэ гэдгийг аль эрт судалдгаа судалчихсан байх учиртай. Энэ уурхайд аж ахуйн нэгж, нөхөрлөл, хувиараа гэсэн статусаар нийтдээ мянга гаруй хүн ажилладаг. Сүүлийн долоон жилд 204 осол гарч, 99 хүний амь үрэгдэж, 34 хүн хүндээр бэртэж, 71 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэсэн тооцоо нь бэлэн байгаа. Дээрх тоонууд “Налайхын уурхайг бүрмөсөн хаахгүй л бол хүн үхсээр байх болно” гэдгийг хангалттай илэрхийлж байна бус уу. Гэтэл одоо чухам юу хүлээгээд байгаа нь үнэхээр сонин байна. Энэ олон хүний амь, эрүүл мэнд огт үнэ цэнэгүй биш л байлтай. 

Налайхад дандаа ар гэрийн гачигдалтай, ажил орлогогүй, амьжиргаа муутай хүмүүс амиа алдсан байдаг. Ядуус хоолтой хонохын тулд өөрсдийн алтан амийг үл хайхран тарвага мэт газрын гүн рүү шургаж байна. Гэхдээ тэд “Үхвэл ч үхэг” гээд ямар ч бэхэлгээгүй нүх рүү орж явчихдаг гэвэл худлаа. Ойр ойрхон осол гарч олон хүн амиа алдаад байгаад нэг учир шалтгаан бий. Товчхондоо төрийн эрх бүхий байгууллага нь энэ сөрөг үзэгдэлтэй маш гаж байдлаар тэмцдэг. Уурхайчдыг бэхэлгээний мод бэлтгэхийг хязгаарлачихсан. Энэ нь уурхайн үйл ажиллагааг зогсоох зорилготой гэх яриа бий. Гэвч бодит байдал дээр сөрөг үр дагавар, эрсдэл нь улам нэмэгдэж байх жишээтэй. Налайхад осол гарах бүрт уурхайчид “Бэхэлгээний модгүй учраас ийм юм боллоо” гэсэн ганц л тайлбар хэлдэг. Бас “Бид ядуу” гэсэн товч тайлбар бий. Уг нь энэ уурхайг бүрмөсөн хааж чадахгүй л юм бол тэдний амийг аврах гол хэрэгсэл болдог бэхэлгээний модыг нь өгчих хэрэгтэй шүү дээ. Эсвэл мод бэлтгэхийг хориглож чадсан шигээ Налайхаас нүүрс олборлохыг ор тас болиулж яагаад болдоггүй юм бэ. “Уурхайг нь хаачих юм бол ажил орлогогүй хүмүүс бүр хэцүүднэ” гэж ирээд л зовлон тоочдог. Уг нь 1000-хан л хүн юм шүү дээ. Засгийн газар жил бүр хэдэн арван мянгаар нь ажлын байр бий болгож байгаагаа тайлагнах дуртай. Тэгсэн хэрнээ хаана, хэн ажилтай болоод байгаа нь харагддаггүй. Энэ жилээс говийн бүсэд их бүтээн байгуулалтын ажлууд оволзож эхэлнэ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт л гэхэд эхний ээлжинд 30 мянга, ажил бүрэн жигдэрсний дараа бүр 300 мянга хүртэл хүний ажлын байр бий болохыг албаны хүмүүс өчигдөрхөн дуулгаж байсан. Тэгвэл хамгийн эхэнд үйлийн үртэй Налайхын 1000 хүнийг ажилтай болгочих л доо. Зарим нь тэднийг ажил хийж, амьдралаа залгуулж байна гэж яриад байгаа. Үнэндээ энэ хүмүүсийн ажиллаж хийж байгаа орчин бол ажлын байр биш. Яагаад гэвэл ажлын байр дайны талбар биш. Дайны талбарт л олон хүн нэгэн зэрэг ингэж амиа алддаг. Налайхын уурхай олон хүний амьдралыг залгуулдаг газар биш, олон хүний амийг авдаг газар боллоо. Уурхайг бүрмөсөн хаах ажлыг нэн даруй хийхгүй бол бид бүр их хохирол амсч болзошгүй. Жил ирэх бүр уурхайн цооног олон болж, хүрээгээ тэлж байгаа учраас урд чиглэлийн төмөр замд тулчихсан. Хэзээ, хэзээгүй төмөр зам цөмөрч мэдэх том аюул ойрхон байна гэдгийг албан тушаалтнууд ярьсаар, шогширсоор л байгаа. Бүх асуудал ойлгомжтой байхад одоо ингэж “Судалж байна”, “Тооцоолж байна” гэж цаг алдахаа ер нь боливол яасан юм бэ. Ганц ч гэсэн монгол хүн амьд сэрүүн байж, ар гэр нь  өнчрөл хагацалд бүү унаг л даа.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж