Ц.Шинэбаяр Олон улсын байгууллагад хандана гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр Олон улсын байгууллагад хандана гэв

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, өмгөөлөгч Ч.Энхээ, Л.Цог, О.Баасанхүү нар  МАХН-ын бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр УИХ-ы гишүүн, МАХН-ын дэд дарга  Ц.Шинэбаяр Улсын Дээд шүүх нь ажлын 30 хоногийн хугацааг хэтрүүлэн Үндсэн хуулийн цэцээр асуудал шийдсэний дараа  МАХН нэрийг бүртгэх асуудлыг  хэлэлцэнэ гэсэн нь хууль зөрчсөн зүйл гэж мэдэгдлээ. Тэрбээр Улс төрийн намын тухай хуулийн 10.2 заалтын дагуу УДШ нэгэнт нам бүртгэхээс татгалзах хугацаагаа хэтрүүлсэн учир бид МАХН-ыг бүртгэхээр шийдсэн гэж үзэж буй. Тэрбээр өчигдөр УДШ-ийн Иргэний тэнхимийн тэргүүн шүүгч Ц.Амарсайхантай уулзахад “МАХН гэх нам одоогоор бүртгэлгүй. Бүртгэлтэй 17 намын нэр  дунд МАХН  гэх нэрээр нам бүртгэгдээгүй” гэх хариултыг өгчээ.  Хурлын үеэр өмгөөлөгч Ч.Энхээ  “Хуулийг  төсөөтэйгээр хэрэглэж, хугацааг сунгах боломжтой гэж үзэж байгаа бол иргэдийн эрх, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрхийг дордуулахгүй шийдэх ёстой байсан. Хуулийг төсөөтэйгээр хэрэглэнэ гэвэл төрийн бус байгууллагын тухай хуулийн 16-д зааснаар төрийн бус байгууллагын тухай хуулийг барьж бидний асуудлыг шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл уг хуулинд хуульд заасан бүртгэх хугацаа дууссан тохиолдолд тухайн байгууллагыг бүртгэсэнд тооцох бөгөөд бүртгэлийн гэрчилгээгээ шаардан авах эрхтэй гэсэн үг. Үүний дагуу иргэд бидний хувьд уг хуулийг төсөөтэйгөөр авч үзэх боломжтой” гэсэн юм. Тиймээс бусдын эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж үзэн олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж ил захидал илгээх юм байна. Харин хуульч Л.Цог  “Үндсэн хуулийн Цэц нэг шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргах ёсгүй  гэж заасан учир  Улс төрийн намын тухай хуулийн 15.6 заалтыг хүлээж аван шийдвэр гаргана гэж үзэхгүй байна” гэв.  Харин УИХ-ын гишүүн Ц,Шинэбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар  Улс төрийн намын тухай хуулийн 10.2, 8 дугаар зүйлийг үндэслэн нам албан ёсоор байгуулагдсан гэж үзээд цаашид үйл ажиллагаагаа идэвхитэй явуулна. Орон нутгуудад намын үүр байгуулж, намын дэргэд эмэгтэйчүүдийн, залуучуудын, оюутнуудын  ТББ-ыг байгуулж буйгаа  албан ёсоор мэдэгдсэн юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж