Н.Золжаргал 18 оноогоор багаа тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Н.Золжаргал 18 оноогоор багаа тэргүүллээ

МСБХ-ны Nissan премьер лигийн ээлжит тоглолтууд өчигдөр болж, лигийг тэргүүлэгч багуудын хооронд гал гарсан ширүүн тулаан өрнөжээ. Эцсийн дүнд торгуулийн шидэлт багуудын хувь заяаг шийдсэн гэхэд болно. Торгуулийн шидэлтээ өндөр хувьтай гүйцэтгэсэн баг нь ялдаг бичигдээгүй дүрэм сагсан бөмбөгийн талбайд бий. Энэ үгийг “Хүлгүүд” болон “Харцага” багийн тоглолт баталсан гэж болно. Бүтэн дөрвөн үеийн турш эн тэнцүү өрсөлдсөний эцэст “Хасын хүлгүүд” гурван онооны зөрүүтэй 68:65-аар хожсон юм. Торгуулийн шидэлтийг онцолж байгаагийн учир нь эгзэгтэй мөчүүдэд “Харцага”-ын тоглогчид  шидэлтээ маш муу гүйцэтгэсэн. Оноогоо тэнцүүлж эсвэл илүү гарах ч боломж тэдэнд байсан. Харамсалтай нь чадаагүй. 15 оноо авч багаа тэргүүлсэн Ц.Мэргэн л гэхэд маш чухал мөчид  дараалан торгуулийн гурван шидэлтээ алдсан юм. “Харцага” нийтдээ  22-с 12 гэсэн гүйцэтгэлтэй. Харин эсрэгээрээ “Хасын хүлгүүд”  торгуулийн шидэлтээ 73 хувьтай хйижээ. Энэ үдэш гялалзсан тоглогчдыг нэрлэвэл, “Хас”-аас Н.Золжаргал 18, О.Ууганбаяр 17, М.Бадрах 16, М.Отгонмөнх 13 оноо тус тус авчээ.  Харин “Харцага”-аас Б.Түмэнжаргал 17, Ц.Мэргэн 15, Ү.Давхарбаяр 8 гэсэн үзүүлэлттэй гарсан байна. Баг тоглогчид шүүгчийн шийдвэртэй санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй байлаа. Тоглолтын туршид нэлээд олон техникийн алдаа заасан. “Хасын хүлгүүд”-ийн М.Бадрах, У.Төгсцогт, Б.Мөнхболд, А.Рижков гээд олон шилдэг тоглогчид нь төгсгөлийн мөчид тав дахь хувийн алдаагаа авч, талбайг чөлөөлсөн хэдий ч лигийн гурван удаагийн аваргууд энэ үдэш илүү байж чадлаа.  Гол өрсөлдөгчийнхөө нэг болох “Харцага”-ыг гурван оноогоор илүүрхэж, ээлжит ялалтаа авсан юм. Тэд гуравдугаар тойргийг ганц ч хожигдолгүй тэргүүлж явна.

Мөн өчигдөр “Сүлд”-ийн “Офицерууд” 85:56 харьцаагаар ХҮДС-ийн “Ирвэс”-ийг хожсон бол “Ав-Атар” 91:73-аар ШУТИС-ийн “Акулууд”-ыг буулган авсан байна.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж