Ард түмний хянан шалгах хорооныхон жагсана

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Ард түмний хянан шалгах хорооныхон жагсана

Ард түмний хянан шалгах хорооноос өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хорооны дарга Д.Нинж өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайд хийсэн улс төрийн жагсаал эргэн тойронд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн шаардлагынхаа талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Жагсаал цуглааны Сүхбаатар дүүргийн удирдлага, цагдаа хүчний байгууллагынхан зар тарааж явсан авто машинуудын бичиг баримтыг хураах зэргээр саад учруулсан. Цаашид иймэрхүү байдал үүсгэхгүй байхыг эдгээр байгууллагынханд уриалж байна. Ерөнхийлөгч бидний хүргүүлсэн шаардлагын хариуг Тамгын газар болон Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан албан бичгээр ирүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Тиймээс нийт ард түмнээ хүндэтгээд шаардлагын хариуг өөрийн гарын үсэг, тамгатайгаар бидэнд ирүүлэхийг уламжилж байна" гэлээ.

Тэд мөн "Шаардлагыг хариуг Хамаг Монголын үндэсний эрх ашгийг хамгаалах штабаас дөрөвдүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулах жагсаалын үеэр албан ёсоор авна" гэв. Хэрэв шаардлагад нааштай хариу ирүүлээгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авна гээд ард түмэн, тусгаар тогтнолынхоо төлөө цохилох зүрхтэй хэн бүхнийг энэ жагсаалд хүрэлцэн ирэхийг уриалж байгаагаа мэдэгдлээ.

Сануулахад, Ардын хянан шалгах түр хорооныхон өнгөрсөн даваа гаригаас эхлэн Д.Сүхбаатарын талбайд улстөрийн жасгаал зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зургаан зүйл бүхий шаардлага хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн дээрх шаардлагад Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах, УИХ-ын гишүүн С.Баярыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах Улсын дээд шүүхийг тараах, Ардын хянан шалгах хороо байгуулах гэх мэт асуудлыг тавиад байгаа юм. Дээрх шаардлагад Ерөнхийлөгч хариу өгөхгүй, эс бөгөөс шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгвөл жагсагчид Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө тэмцэх болно гэлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж