Байгаль хамгаалагчид сургалтанд хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалагчид сургалтанд хамрагдав

Булган аймагт байгаль хамгаалагчаар 31, байгаль орчны улсын байцаагчаар 19 хүн ажиллуулж, мөн ойн 12 нөхөрлөл байсан бол 54 болон өргөжүүлэн тэдгээрийн үйл ажиллагаанд арга зүйн зөвлөмж өгөх сургалтыг жил бүр зохион байгуулж хэвшлээ. Энэ энэ уламжлалын дагуу  аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас саяхан зохион байгуулсан сургалтад оролцогчдод гадаадын мэргэжилтнээр хичээл заалгасан нь ихээхэн онцлогтой болжээ.

Тус сургалтыг хоёр шатлалаар зохион байгуулсан байна. Эхний шатанд нь нийт сумын байгаль хамгаалагчид, ойн нөхөрлөлийнхнийг хамруулсан бол дараагийн шатныхад “Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлдэг Бугат, Сэлэнгэ, Хангал, Орхон сумын нөхөрлөлийн ахлагч, байгаль орчны улсын байцаагчдыг оролцуулжээ. Герман багш буюу НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын оролцооны ойн менежментийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Маркус Бир хичээл заав. Энэ үеэр асуудал дэвшүүлээд, түүнийгээ хамтран ярилцуулж өөрсдөөр нь шийдэл, санал гаргуулан тэдгээрийнх нь дотроос аль ашигтай хувилбарыг сонгон шийдвэрлэх замаар зохион байгуулжээ. Энэ нь ихээхэн бүтээлч, ажил хэрэгч болсон байна. Сургалтын явцад НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын оролцооны ойн менежментийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэнтэй уулзав.

Маркус Бир ийнхүү ярьж байна.
-Манай  “Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх” төсөл нь Нидерландын санхүүжилтээр Монгол улсын БОАЖЯ, Ойн газартай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 оноос эхэлсэн. Таван жилийн хугацаатай. 2012 онд хэрэгжүүлж дуусгана. Төслөөс 4,6 сая, монголын талаас 2,0 сая төгрөгийн оролцоогоор хамтран ажиллаж байна. Хамгийн гол нь хамтын оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа  явуулдаг. Бид ажлын үр дүнгээ таван чиглэлээр илэрхийлэн тооцож байх учиртай. Үүний нэг дэх нь ой хамгаалах ажлыг хамтын оролцоотойгоор загвар хэмжээнд зохион байгуулахаар Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг дөрвөн аймгийг сонгон нөхөрлөлүүд байгуулсан. Тэдний дундаас бас сонголт хийгээд бусад нөхөрлүүдийг үлгэрлэн ажиллуулахын тулд тодорхой хэсгийг нь загвар хэлбэрээр ажиллуулж байна. Тухайлбал, Булган аймагт гэхэд Бугатын “Дундат өргөө”, “Моностой”, Хангалын “Өгөөдуй бүрэн” нөхөрлөлийг загвар болгосон. Энэ жил мөн хоёр нөхөрлөлийг нэмж сонгон ажиллуулах гэж байна.

Бидний үйл ажиллагааны хоёр дахь хэлбэр байгаль хамгаалах, нөхөн сэргээх асуудалд чиглэдэг. Энэ дагуу туршилтын талбай байгуулсан. Судалгаа ажиглалт хийж байна. Судалгаагаа Финландийн төвшинтэй харьцуулдаг. Яагаад гэвэл ой мод ургах нөхцөл болон бусад олон зүйлээрээ монголтой ойролцоо адил төстэй гэж үзсэн. Мөн тэдний ажлын үр дүнг судалж тэр төвшинд нь хүргэх зорилт тавьж ажиллах шаардлагатай байгаа юм Тухайлбал, хууль бусаар мод бэлтгэх, түймэрт өртдөгийг багасгахад эрс өөрчлөлт гаргасан, модны үйлдвэрийн асуудлыг өндөр хэмжээнд авч үздэг орон болжээ. Оюутнуудыг энэхүү судалгаа хийх, турших ажилд оролцуулж байна. Туршлага судлах аялал зохион байгууллаа.

Байгаль орчин, ой хамгаалахтай холбоотой хууль, эрх зүйн орчинг шинэтгэх чиглэлээр гуравдахь үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн мөрддөг хууль эрх зүйн баримтууд амьдрал, үйл ажиллагаанд хэрхэн хийцэж байгааг судалдаг. Юуг нэмж тусгах, шинээр ямар хууль гаргах шаардлага гээд олон асуудлаар хамтран ажилладаг. Ойн нөхөрлөлүүд бий болж байна. Хууль эрх зүйн орчин нь ямар байна гэдийг ажиглаж үзсэн. Энэ талаар санал авч анхны төсөл гаргасан. Нэгдсэн хэлэлцүүлэг, форум зохион байгуулж ярилцлаа. Засвар өөрчлөлт хийлээ. Дахин хэлэлцүүлж санал авч байна. Төрийн бодлого  шийдвэрийг дээрээс биш анхан шатны хүмүүсийн бодол, санал, хамтын оролцоотойгоор боловсруулах зарчим баримталж байна. Ирэх долдугаар сард эцэслэн Засгийн газарт өргөн барих болно.

Түүнчлэн байгаль орчин, ой хамгаалах ажлын чадавхыг бэхжүүлэх явдал нэн чухал гэж үздэг. Үүнтэй холбогдуулан сургалтууд хийлээ. Сүүлийн хоёр жилд төрийн бус байгууллагуудын үйд ажиллагааг  идэвхжүүлэн өргөтгөж, хамтын оролцоог нь дэмжиж байна. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт нэмэлт оруулах талаар хамтарч  ажилласан. Судалгаа шинжилгээ, ажиглалт туршилт хийдэг оюутнуудыг дэмжиж мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслахыг онцлон анхаарсан.

Манай төслийн үйл ажиллагаагаа монгол орны байгаль, нэн ялангуяа ойг хамгаалахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна. Ойн нөхөрлөлүүдийн хариуцсан орчноос зүй бусаар мод бэлтгэх, гал түймэр гарах явдал байхгүй болж байна. Ой модоо хамтын оролцоотойгоор хамгаалах хөдөлгөөн ихээхэн өрнөж байна.

Ж.Мөнх-Очир 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж