Эмэгтэй хүн болж карнавалдаад ажилгүйджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Эмэгтэй хүн болж карнавалдаад ажилгүйджээ

Канарын арлуудад улс орноо төлөөлөн суугаа Панам улсын консул карнавалийн баяр ёслолд оролцохоор шийдэж, эмэгтэй хүний хувцас өмсөн баяр наадамд оролцсон боловч энэ тухай мэдээ консулын Засгийн газрын сонорт хүрч, албан тушаалаасаа халагдах шийдвэр аваад байгаа ажээ.

Панам улсын консул Итало Афу  “Миний сэтгэлийн хөдөлгөөний “өвчин” хөдөлж, энэ хэргийг үйлдсэн юм. Одоо энэ үйлдлийн талаар Панамын гадаад харилцааны яам эцсийн шийдвэр гаргана. Би хэнийг ч тэр тусмаа өөрийнхөө эх орон Панам улсад хор хохирол учруулах гэж бодоогүй юм” гэж мэдэгдсэн аж.

Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдэд Канарын арлуудад болсон карнавалийн баярын үеэр консулаар томилогдсон Итало Афу нь ягаан өнгийн олон хуниастай эмэгтэй хүний хувцас өмсч, гартаа гадил жимс барьж, нүүр амаа будаж, үс гэзгээ янзлуулан карнавалийн баяр ёслолын жагсаалд оролцон явж байгааг Панамын орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийнхэн нийтийн сонорт хүргэн танилцуулсан аж. 

Панамын ерөнхийлөгч Рикардо Мартинелли “Уул нь ийм хувцас өмсөх ёсгүй байсан юм аа” гэсэн бол Панамын Гадаад харилцааны сайд Хуан Карлос Варела   “Ядахдаа далайн дээрэмчний баг үгүй эсвэл Дональд нугасны дүрээр хувирсан бол бас ч яая гэхэв дээ” гэж учирласан аж.

Консул Итало Афу “Би маш их гэмшиж байна. Панам улсыг төлөөлөн суугаа консулын хувьд өөрийн орны ёс заншлаа умартан болчимгүй үйлдэл гаргасандаа өршөөл уучлал өчиж байна” хэмээн мэдэгдсэн аж.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж