Дуу хоолойгоо авч үлдсэн “сүүлчийн гейша”

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Дуу хоолойгоо авч үлдсэн “сүүлчийн гейша”

Камайши хотын “сүүлчийн гейша” саяхан болж өнгөрсөн газар хөдлөлт, цунамид байр, эд хөрөнгө түүгээр ч барахгүй кимоно, хөгжмийн зэмсгээ хүртэл алдсан боловч өөрийнхөө авъяас, дуу хоолой, эрч хүчээ авч үлдсэн ажээ.

84 настай Цуяко Ито олон гамшгийг туулан өнгөрөөж байсан түүхтэй аж. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр америкчуудын ширүүн бөмбөгдөлт, олон удаагийн газар хөдлөлтийг даван туулж байсан байна.
Өөрийн төрлөх хот Камайшид алдар гавьяаны оргилд хүрч байсан бөгөөд эдүгээ тус хотынхон түүнийг Камайшагийн “сүүлчийн гейша” хэмээн хүндлэн хайрладаг аж.

Саяхан болж өнгөрсөн цунами  миний амьдралд тохиолдож байсан “хамгийн аюултай гамшиг байсан юм” гэж байгалийн гамшигт өртсөн 100 гаруй өндөр настныг түр байрлуулж буй нэгэн нийтийн байранд энэ өндөр настан хуучилж суусан юм. Өндөр настнуудын зарим нь зөвхөн өмсч байсан хувцастайгаа энэ байранд хүрэлцэн ирсэн ажээ. Намайг нялх балчир байхад ээж минь намайг үүрч, байгалийн гамшгаас зугтан гарч байсан тэр л замаар саяхан би зугтаж гарсан юм  гэж тэрээр хуучилсан юм. “Миний амьдарч байсан байрнаас юу ч үлдээгүй байсан. Далайн давалгаанд нурж, овоолгоостой бөөн хог новш болж үлдсэн байсан. Байр байсан газарт далайн давалгаа суудлын автомашин бас нэг амь үрэгдсэн хүний цогцсыг урсган авчирсан байсан. Аймшигтай дурсамж” гэж хуучилжээ.

“Гэвч би жүжиглэх авъяас чадвар, дуу хоолойгоо авч үлдэж чадсан. Үүгээрээ бахархаж байна” гэсэн аж.
Цуяко Итогийн жинхэнэ нэр нь Шикано Фужима гэдэг аж. Токио хотын хойд зүгт 450 км-ийн зайтай орших Камайши хотод 12 настай байхдаа гейшагийн мэргэжил эзэмшиж, дуулж, хөгжимдөж эхэлжээ.
Камайши хот нэгэн үед Nippon Steel-ийн хар төмөрлөгийн үйлдвэр ид хөгжиж байх үед хөгжлийн оргил үед хүрч, 100 гаруй гейшатай болж байсан боловч “Одоо бүх гейшүүд ийш тийш явцгааж би ганцаараа л үлдээд байгаа юм”  гэсэн ажээ.

“Хот маань урьдын адил сэргэн мандаж эхлэхэд түмэн олныг дуу, хөгжмөөрөө дахин баясгаж эхлэх болно. Хэдийгээр надад найз гейша нар үлдээгүй боловч дуулж, хөгжимдөх хүслээ өвөртөлсөн хэвээрээ байна” гэж ярьсан юм.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж