Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх хурал болно

Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх төслийн удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр Сангийн яаманд болох аж. Тус хуралдааныг Сангийн дэд сайд Ч.Ганхуяг удирдаж, Эрүүл мэндийн дэд сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд нар оролцож,  дээрх төслийн явц үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.

Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх төслийг Олон улсын хөгжлийн ассиоциацаас олгосон зээлийн хөрөнгөөр 2004 оноос Сангийн яамны дэргэд хэрэгжүүлж иржээ. Энэ нь Монгол Улсад үр ашигтай, тууштай үйл ажиллагаа явуулах, чадварлаг төрийн байгууллагыг бий болгоход техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, төсвийн зарлагын удирдлагыг сайжруулж, дунд хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад туслалцаа үзүүлэх зорилготой юм байна. Ингэхдээ улсын төсвийн төлөвлөлт, зарлагын удирдлагыг сайжруулах, төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн чиг үүрэгтэйгээр хэрэгжүүлдэг байна. Төсвийн нийт хөрөнгө оруулалт 8,1 сая. ам доллар бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 7 сая ам.долларын ажил үйлчилгээг явуулжээ. Өнгөрсөн хугацаанд төслийн хөрөнгөөр 2.8 сая ам.долларын компьютер, тоног төхөрөөмж худалдан авч, 200 гаруй гадаад, дотоодын зөвлөхүүдийг авч ажилуулан 3.5 сая ам.долларын зөвлөх үйлчилгээг гүйцэтгэж, 0.6 сая ам.долларын гадаад, дотоод сургалт зохион байгуулж,  нийт 1000 орчим мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг сургалтанд хамруулжээ.

Уг “Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх төсөл” нь төсвийн зарцуулалтын удирдлагыг бэхжүүлэх чиглэлд Төсвийн дунд хугацааны төсөөллийг боловсруулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулсан нь ихээхэн үр дүнтэй томоохон арга хэмжээ юм. Мөн ЗГСУМС-ыг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлж, улсын томоохон худалтан авалтаар хийгддэг тендерийн жишиг баримт бичгүүдийг боловсруулжээ. Мөн Засгийн газрын дотоод аудитын гарын авлагыг боловсруулан мөрдөж эхлээд байгаа аж. Одоо Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем (BPIS)-ийн програм хангамжийг суулгах ажил туршилтын шатандаа явж буй. Түүнчлэн Төрийн захиргаа, төрийн албыг шинэчлэх чиглэлд Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги (ТАШДХС)-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийн хамт шинэчлэн батлуулж мөрдөж эхэлжээ. Мөн Төрийн албаны зөвлөл дээр Хүний нөөцийн удирдлага менежментийн систем (ХНУМС)-ийн мэдээллийн бааз бий болгосон бөгөөд одоо уг системийг сайжруулан Хүний нөөцийн удирдлага, Цалингийн менежментийн систем боловсруулахаар ажиллаж байгаа юм байна.
   

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж